"Элэг бүтэн Монгол - 2" хөтөлбөрийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-04-08 17:15:10
Баянхонгор /МОНЦАМЭ/. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёрдугаар шатны нээлтийн үйл ажиллагаа Баянхонгор хотгоо өчигдөр болж, аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд элэгний B, C вирүсийн илрүүлгийг 15-39 насныханд үнэ төлбөргүй хийлээ. Үзлэгт 100 шахам иргэн хамрагдсан байна.
Манай улс элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа төдийгүй цаашид элэгний хорт хавдрын өвчлөл залуужих хандлагатай байгааг эмч мэргэжилтнүүд хэлж буй. Тэгэхээр залуусыг энэ өвчлөлийг сэрэмжлүүлэх, илрүүлэх, эмчлэх, иргэнд үүсэх санхүүгийн хүндрэлийг бууруулах зорилгоор “Элэг бүтэн монгол”  үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе шатыг 15-39 насны иргэд рүү чиглэн явуулахаар болсон аж. Түүнээс гадна өмнөх шатны илрүүлэг шинжилгээнээс хоцорсон 40-өөс дээш насныхныг ч оношилж, эмчлэх ажил үргэлжлэх юм байна.
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр, “Элэг бүтэн Баянхонгор” дэд хөтөлбөрийн хүрээнд  В, С вирүсийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, мэдлэг дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал болон хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлуудыг хийхээр төлөвлөжээ. 
Сонирхуулахад, Баянхонгор аймагт "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн нэгдүгээр үе шат буюу улирагч онд 40-65 насны 11 мянга гаруй хүн хамрагдаж, 22 хувь нь С вирүс, найман хувь нь В вирүстэй байсныг илрүүлсэн байна. Ийнхүү жилийн эцсийн байдлаар мөн насны зорилтот бүлэгт тархвар судлалын заалтаар 2700, сайн дурын дархлаажуулалтаар 1200,  ЭМБ, Цагдаа хүчний байгууллагын эрсдэлт бүлгийн 1160 иргэнийг В вирүсийн халдвараас сэргийлэх вакцинд хамруулжээ. Мөн вирүсийн идэвхжил тоолох шинжилгээг  С вирүс илэрсэн 1600 иргэнийг үнэ төлбөргүй хамруулж, 907 хүнийг эмчилгээнд хамруулжээ. Тус эмчилгээнд хамрагдсан иргэдийн 63 хувь нь эмчлэгдэж, үлдсэн хувьд нь эмчилгээ үргэлжилж байгаа бол 0.5 хувь нь эмчилгээгээ тасалсан үзүүлэлттэй байгаа аж.
Б.Мөнхзул
Related news