БАЯНХОНГОР: Арьсны харшилд бигнэж тавьдаг замагтай Өхэгийн рашаан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-07-25 14:35:04

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг нь тал, хангай, говь хээр хосолсон гурван бүсийн нутагтай, анагаах шидээр гайхагдсан рашаан ус олонтой нутаг. Тухайлбал, 95 хэм хүрдэг халуунтай дэлхийд хосгүй Шаргалжуутын рашаан, Өхэг, Хүрэмт, Халиут, Өргөөт зэрэг анагаах чадвараар хосгүй рашаанууд Баянхонгорт бий.


Ходоод, чих, хамар, хоолой, бөөр, ядаргаа, үе мөчний өвчнийг анагаадаг Өхэгийн халуун рашаан нь Баянхонгор аймгийн Галуут сумын нэгдүгээр багийн нутаг Хангайн нуруунд буюу Улаанбаатар хотоос 740 км, Баянхонгор аймгаас 110 км, Галуут сумын төвөөс 27 км зайд байдаг.


Тухайн бүс эргэн тойрондоо уул ус, бүхий л төрлийн ховор эмийн ургамал, байгалийн өвөрмөц тогтоц бүхий дурсгалт газруудтай.

Уг рашаан нь газрын гүнээс хөрсний гадаргуу дээр гарч ирэх хүртэл төрөл бүрийн чулуулгийн ан цав жижиг нүх сүвээр дээшлэн олон төрлийн эрдэслэг бодис агуулсан анагаах хосгүй чанартай 20 гаруй төрлийн халуун, хүйтэн рашаантай. Рашааны халуун нь 38С-78С хэм.


Рашааны найрлагад кали, натри, сульфат, гидрокарбинат, хүхэр, устөрөгч, кальци, магни зэрэг 10 гаруй химийн элементүүдтэй. Рашааныг ходоод, элэг, цөс, уушиг, зүрхний өвчинд хүртдэг. Мөн нүд, бүх төрлийн харшил, үе мөчний өвчин, арьсны харшилд бигнэж тавьдаг улаан, шар, ногоон замагтай.


Эрт дээр үед нэг анчин ан хийж яваад нэгэн гөрөөсийг цээжээр нь буудаж шархдуулжээ. Шархадсан гөрөөс цусаа савируулж явсаар Тунсаг хайрханы ар хормойгоос урсан гарсан олон булгийн нэгнээс уугаад шархаа эдгээчихээд яваад өгчээ. Үүнийг харсан анчин тэр халуун булгууд анагаах чадалтай рашаан юм байна гэдгийг мэдэж, олон түмнээрээ хэрэглэдэг болсон байна.
Related news