Ням гараг хүртэл хүйтэн байх төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-04-05 14:30:47
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ихэнх нутгаар цас орж, цасан болон шуургатай байна. Цаг агаар эл хүйтрэл энэ долоо хоногийг дуустал үргэлжлэхийг холбогдох албаныхан анхаарууллаа.
Иймд хол, ойр зорчихдоо цаг агаарын мэдээг тогтмол сонсох, баталгаатай зам даваагаар, машин техник, хувийн бэлтгэлээ сайтар хангаж, харилцаа холбоо тогтоох боломжоо бүрдүүлэн, төөрөх, саатлын улмаас осгох, амь насаа алдах зэрэг эрсдлээс урьдчилан сэргийлэхийг аймгийн ОБГ-аас анхааруулж байна.
Мөн зузаан, хүнд хувцас өмсөх нь хүйтэнд дулааныг сайн хадгалдаггүй, харин ч зузаан хувцасласнаас хөлөрч, хөлсөндөө жиндэн улмаар жиндэх аюултай байдаг аж. Тиймээс хүчтэй салхи шуургатай үед гадагш зайлшгүй гарах тохиолдолд дулаан, биед элбэг таардаг, хөнгөн хувцсыг давхарлаж өмсөх нь хөлрөх, даарахаас сэргийлдаг байна. Гадуур хувцас нягт нэхээстэй, ус нэвтэрдэггүй, юүдэнтэй байх нь тохиромжтой бөгөөд хүний биеийн дулаан толгойгоороо их алдагддаг тул малгай өмсөх хэрэгтэй гэнэ.
Мөн мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газарт байлгах нь зүйтэйг холбогдох албаныхан сануулсан юм.
                                                                                                                                                   Б.Мөнхзул
Related news