Шар усны үер айл, өрх рүү орох эрсдлийг зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-03-26 19:39:57
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан сумын 15-р багийн 9-р хэсэгт шар усны үер буусантай холбогдуулан 2018 оны 03 дугаар сарын 21 өдрөөс өнөөдрийг хүртэл Онцгой комиссын түр штаб тус багт байрлан ажиллаж байна. Энэ хугацаанд үүссэн нөхцөл байдалтай холбоотой шаардлагатай бүх арга хэмжээг авч байна.

Тухайлбал энэ сарын 24-25-ны өдрүүдэд 15-р багийн 8-р хэсэгт байрлах үерийн хамгаалалтын далангийн ус зайлуулах хоолойг тайрах ажлыг аймгийн Захирагчийн ажлын алба, Онцгой Байдлын газар, Мэргэжлийн хяналтын  газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Дарханы Дулааны Сүлжээ  ТӨХК,  Дарханы Дулааны Цахилгаан Станц ТӨХК,  Дархан-Ус суваг ХК-иудтай хамтран хийж,  24-ний өдөр 70 см, 25-ны өдөр 80 см-ээр багасгаснаар үерийн усны түвшинг бууруулжээ. Уг үйл ажиллагаанд нийт 50 гаруй албан хаагч оролцсон  байна.


Болзошгүй үер уснаас хамгаалах тухай сэрэмжлүүлэг, зөвлөмж, гар ариутгагч тус бүр 200 ширхэгийг айл өрхүүдээр тараах ажлыг Дархан сумын 18 багийн Засаг дарга, Зохион байгуулагч, Нийгмийн ажилтан зэрэг нийт 32 албан хаагч гүйцэтгэжээ.

Хамгаалалтын нэмэлт даланг хүчитгэх, элс шороо хайргаар бэхлэх ажлыг зохион байгуулж, зам хамгаалах, гудамж руу сэтэлсэн хамгаалалтыг сэргээн хүчитгэх ажлыг аймгийн ОБГ-ын 43 албан хаагч хийсэн ажээ.

Мөн дүйцүүлэх албаны долоон цэрэг айлуудын хашаанаас шавар гаргах болон 112 тоот айлын хашаанд үүссэн сувагт хамгаалах даланг барьжээ.

Түүнчлэн үерийн ус орсны улмаас нуралт үүссэн төв замын дагуу болон Мини маркет дэлгүүрийн  урд хэсгийн нурсан хэсгүүдийг хайрга, шороогоор дүүргэх ажлыг аймгийн Захирагчийн алба, Дархан Ус суваг ХК, ГХБХБГазар, ДДЦС ХК, ДДС ХК, ОБГазрын нийт 24 албан хаагчтай хамтран зохион байгуулж, 102 м3 хайргаар хүчитгэжээ.

Одоо ч шар усны үерийн ус Дархан сумын 15-р багийн нутгаар урсаж хамгаалалтын далангаар дамжин Хараа голд цутгаж байна. Гэсэн хэдий ч Шар усны үер айл, өрх рүү орох эрсдлийг зогсоосон аж.
 
Л.Отгонбаатар
 

 
Related news