Төрийн албаны нөөцөд 130 гаруй иргэн бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-01-19 23:12:25
Баянхонгор /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад улирагч онд давхардсан тоогоор 33 ажлын байр зарлагдаж, 25 иргэн бүртгүүлэн өрсөлдсөнөөс хоёр иргэн тэнцэж, хоёр ажлын байр нөхөгджээ.
"Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалт нөхөгдөхгүй байгаа нь мэргэжлийн боловсон хүчин дутмаг, иргэдийн хөдөө орон нутагт ажиллах сонирхол, нийгмийн баталгаатай холбоотой" хэмээн албаныхан хэлж байна. 
Мөн улирагч онд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны дөрвөн удаагийн сонгон шалгаруулалтаар нийт 24 ажлын байр зарлагдаж, 59 иргэн нээлттэй өрсөлдсөнөөс 22 ажлын байр нөхөгдөж, 43 иргэн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын нөөцөд бүртгэгджээ. Төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулан дэс, туслах түшмэлийн 54 ажлын байр зарлагдаж, нийт 405 хүн бүртгүүлэн өрсөлдөж, 32 ажлын байр нөхөгдөж, нийт 132 иргэн тэнцэж нөөцөд бүртгэгдсэн байна.
                                                                                                                               Б.Мөнхзул
Related news