Цагдаагийн газар сэрэмжлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-27 08:06:41
Булган /МОНЦАМЭ/ Хөдөөгийнхөн ямаа самнах, ноолуур борлуулах, бугын эвэр түүж орлого олох улирлын чанартай ажил ид өрнөж бэлэн мөнгө гар дээр нэмэгдэхтэй зэрэгцэн гэмт хэрэг зөрчлийн эрсдэл нэмэгдэж болзошгүй байна. 
Дулааны улирал эхэлж малчид малын ашиг шимээ хүртэн орлоготой болж зарим иргэд архидан согтуурах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, улмаар өөрийн болоод бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах нөхцөл байдал үүсч эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж байна гэж аймгийн цагдаагийн байгууллагаас үзэж байна.
Булган аймагт энэ оны эхний улиралд гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үеийнхээс өссөн байна. Гурванбулаг, Сайхан, Орхон, Хангал, Хишиг-Өндөр суманд иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг урд оны мөн үеэс 29 хувиас 2 дахин өсч, 78 хувь нь согтуугаар үйлдэгдсэн аж. Архи, согтууруулах ундаагаар үйлчлэх цэгийн тоо харьцангуй их, 21-ээс дээш насны 184 хүнд согтууруулах ундаагаар үйлчлэх нэг цэг ноогдож байна.
Тиймээс нутгийн захиргааны байгууллага архидан согтуурахын эсрэг дорвитой арга хэмжээ авахыг цагдаагийн байгууллага анхаарууллаа.
М.Батжаргал
Related news