БУЛГАН: Бөх нь МЭӨ 708 онд эртний олимпын нэг төрөл болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-07-04 15:51:44

Булган,2025 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол үндэсний бөхийн барилдаан бол бусад төрлийн барилдааны тулгуур барилдаан юм. Тиймээс монгол бөхчүүд дэлхийн бусад улс үндэстний бөхийн барилдаанаар барилдахад дөхөмтэй байдаг ба өндөр амжилт үзүүлсээр ирсэн түүхтэй. 


                                                                        Монголын үндэсний бөх

Монгол бөх бол олон хувилбар баялаг мэхтэй, барьцтай, барьцгүй, хав дөрвөлжин золгож барилддагаараа онцлогтой бөгөөд Х.Баянмөнх аваргын  хэлснээр “найман зүгийн тэнцвэртэй барилдаан” юм.


Сумо, шрым бөх нэг л хазайвал ойчдог. Самбо, жүдо, чөлөөт, сонгомол барилдааны тамирчид дэвжээнд хажуулдах, дөрвөн хөллөх, цээж, хэвлийн хэсгээр унахад ялагдал хүлээдэггүй. Тодорхой дүрмийнхээ дагуу оноо юмуу үнэлгээ алддаг.


Гэтэл монгол бөх өвдөг, тохой, толгойн орой газар хүрэх төдийд барилдаан шийдэгддэг. Тэгэхээр үндсэн агуулга нь тэнцвэрийг дээд зэргээр шаарддаг. Тэнцвэртэй байхын тулд суурь сайтайгаас гадна мэдрэмж өндөртэй байх ёстой.


Монгол бөхийн язгуур мөн чанар нь өв соёл, зан заншил, их спортын олон хэв шинжийг өөртөө агуулсан өвөрмөц цогц халз тулааны нэгэн төрөл юм.


Монголчууд хүчит бөх, эрхий мэргэн харваач, хурдан хүлэг морьдоороо дэлхийн талыг эзэлсэн билээ. Монгол төр морь, бөх, сур гурвын хүчинд үүссэн болохоор Монголын төр эрийн гурван наадам хийдэг уламжлалтай ажээ.


Нийтлэг бөхийн барилдаан
Бөх бол хүч чадлаас гадна оюун ухааны бяраар авхаалж самбаа, хурд, уран мэхээр өрсөлддөг эртний спортын нэг төрөл юм. Тодорхой дүрэм журмын дагуу төрөл бүрийн арга мэх, уран чадвараар эсрэг талаа унагаадаг хоёр хүний өрсөлдөөн. Дэлхийн улс бүр үндэсний онцлог бүхий бөхийн хэлбэр болон аргатай байдаг.


Бөх нь МЭӨ 708 онд эртний олимпод нэг төрөл болж байсан байна.


Одоогоор олон улсын шинжтэй бөхийн тэмцээний хэлбэрт сонгомол болон чөлөөт гэсэн хоёр хэлбэр зонхилж байна. Тэмцээний үед биеийн жингээр ангилалд хуваагдаж өрсөлддөг.


Сонгомол бөх 1896 онд орчин үеийн анхны олимпын хөтөлбөрт багтаж байсан бол чөлөөт бөх нь 1904 онд албан ёсоор олимпын төрөл болжээ


Бөх анх олимпын төрөл болохдоо жин болон цагийн хязгаар байгаагүй. 1900 оны 2-р олимпод бөхийн төрөл багтаагүй ч түүнээс хойш бүх олимпын хөтөлбөрт багтсаар иржээ. 2004 оны Афины олимпод шинээр эмэгтэйчүүдийн төрөл нэмэгдэж орсон.


Талбай

Бөхийн тэмцээний талбайн хүрээ нь 12 метрийн урттай дэвсгэр байх ба түүний зузаан нь ихэвчлэн 6 см орчим, дэвсгэрийн төвд 9 метрийн диаметртэй тойрогт тэмцээний бүс байдаг.


Дүрэм

Тэмцээний нэг үе 2 минут үргэлжлэх бөгөөд 2 үед илүүрхсэн тамирчин ялалт авах ба бөхчүүд 9 метрийн диаметртэй улаан тойргийн дотор зогсоно. Өөр өөр арга мэхээр өрсөлдөгчөө унагаана оноо авна  эсвэл өрсөлдөгчийнхөө хоёр мөрийг хэсэг хугацаанд хөдөлгөөнгүй газарт дарж ялахыг цэвэр ялалт эрмэлзэн барилддаг.






Related news