БУЛГАН: Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртсэн Д.Ариунгоог хүндэтгэн угтлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-09-05 14:31:22

Булган, 2025 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Булган сумын Засаг дарга Д.Бямбажаргал, Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын дунд сургуулийн удирдлага багш, сурагчид өнөөдөр Азийн аваргын хүрэл медальт Д.Ариунгоог хүндэтгэн хүлээн авлаа.


Бахрейны Хаант Улсын Манама хотод наймдугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулсан холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 19 орны 300 гаруй тамирчин оролцжээ. 


Азийн аваргын “U18” ангиллын сонирхогчдын холимог тулааны охидын 55 кг-ын жинд Булган аймгийн Булган сумын спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын дунд сургуулийн 12а ангийн сурагч Дэлгэрбаярын Ариунгоо хүрэл медаль хүртэж Азийн залуучуудын наадамд оролцох эрхээ авч, бэлтгэлдээ орсон байна.


Боксын спортын дэд мастер Д.Ариунгоо, "Булган аймгийн спортын сургуулийн Д.Мөнхболд багш дээр боксын бэлтгэлээ хийдэг. Миний бүх зүйлийг засаж заадаг хайртай, хүндэлж явдаг багш минь. Харин өөр тулааны спортын төрлийн тэмцээнд орохдоо Сэлэнгэ аймгийн тулаан спортын “Болд нударга' клубийн нэр дээр оролцдог. Би багаасаа биеэ даасан хүчирхэг, эрэмгий охин байсан болохоор өөрийн эрхгүй тулааны спорт миний сонирхлыг татах болсон. Надад сагсан бөмбөг, волейбол, бокс, шүүтбокс, кикбокс, холимог тулаан гээд чаддаггүй спорт ер нь ховор доо. Спорт шударга тэмцэл, өрсөлдөөний талбар байдаг шүү дээ. Тийм болохоор бүх л спортын төрөл надад сонирхолтой санагддаг" хэмээн ярилаа. 








Related news