БУЛГАН: Аймгийн хэмжээнд 3,2 сая толгой мал өвөлжиж, хаваржина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-11-05 13:36:14

Булган, 2025 оны арваннэгдүгээр сарын 5  /МОНЦАМЭ/. 2024 оны жилийн эцсийн байдлаар аймгийн хэмжээнд 3,3 сая толгой мал тоолуулж, 1 сая 99 мянган төл хүлээн авсан ба 2025-2026 онд 3,2 сая толгой мал өвөлжиж, хаваржихаар урьдчилсан тооцоо гарч өвөлжилтийн бэлтгэлийг хангаж байна.


Гэвч зудын урьдчилсан төлөвөөс харахад өвөлжилтийн байдал нийт нутгийн 1 хувьд нэн их, 17 хувьд их, 72 хувьд дунд, 10 хувьд бага хүндрэлтэй гарчээ.


Өөрөөр хэлбэл, Рашаант, Сайханы ихэнх, Могод, Гурванбулаг, Хишиг-Өндөр, Орхон, Дашинчилэн, Баяннуур, Баян-Агт, Бугат сумын зарим багийн нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна.


Мал өвөлжилт хүндэрч болзошгүй бүс нутгуудад анхаарч, цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ болон тухай бүр шинэчлэн гаргах зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол авч ашиглах, цагийн байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг эртнээс бүрэн хангаж ажиллахыг аймгийн ХХААГ-аас зөвлөлөө.

Related news