БУЛГАН: Аав хүү гурван гавьяатаас хоёр нь Ардын жүжигчин боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-07-07 15:19:21

Булган 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/Монгол Улсын анхны Ардын жүжигчин Ц.Цэгмидийн хүү Улсын хүүхэд залуучуудын театрын ахмад жүжигчин, Монгол Улсын Төрийн шагналт, МУГЖ Цэгмидийн Төмөрбаатар Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр Ардын жүжигчин цолоор шагнуулж, ааваасаа 83 жилийн дараа энэ эрхэм цолыг хүртэж байна.  


Монгол Улсын анхны Ардын жүжигчин цолыг 1942 онд Төрийн шагналт, XX зууны манлай театр киноны нэрт жүжигчин Цагааны Цэгмид авч байжээ. Анхдагчийн өлгий Булган нутгаас төрсөн аав, хүү гурван Монгол Улсын Гавьяат жүжигчдийн түүхийг бүтээсэн эрхэм хүмүүс өнөөдөр алдар цолоо ахиулан хөдөлмөрлөж бүтээн туурвиж байгаа юм.


Монгол Улсын анхны Ардын жүжигчин Цагааны Цэгмид түүний хүү Төрийн соёрхолт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг нар юм.


Цагааны Цэгмид 1905 онд Түшээт хан аймгийн Хүдэр харуул сумын нутаг Сүвсүүлийн баруун бэлчир гэдэг газар Хульжийн голын Хөх бууц өвөлжөөнд одоогийн Булган аймгийн Сайхан суманд төрсөн бөгөөд жинхэнэ нэрийг нь Манджавын Батсүх гэдэг байв. Долоон настай байхдаа хүндээр өвдсөний улмаас лам түүнд Цэгмид хэмээх нэрийг хайрлажээ.


Тэрээр 18 наснаас өрх толгойлон мал маллах, ан гөрөө хийх, өвс хадах, мод түлээ бэлтгэх, үхэр тэрэг хөллөн жин тээх, тэрэг шаах, байшин барих, хоршооны манаач, ойн цагдаа хийх, хамтралын сургагч зэрэг олон ажил хийж амьдралаа залгуулж байжээ.


Хүүгээ өөрөөрөө овоглож байсан эх Манджав нь энэ үед Харуулын Цагаанбандитай гэр бүл болсон тул түүгээр овоглосноор Цагааны Цэгмид гэгдэх болжээ.


Ц.Цэгмид 1932 оны хавар түр цэрэгт тэнцсэн учир Улаанхуарангийн пулемётын суманд цэргийн алба хааж байгаад 1932 оны 9-р сарын 1-нд Төв театрт дагалдан жүжигчнээр ороод насан эцэслэх хүртлээ ажиллажээ


Ц.Цэгмид 1924 онд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяа Дувааны Долгоржавтай гэр бүл болж, таван хүүхэдтэй болсон ба хүү МУГЖ Цэгмидийн Төмөрбаатар, хүү Цэгмидийн Төмөрхуяг хоёр нь чөлөөт уран бүтээлч, харин охин Цэгмидийн Уртнасан нь СУИС-д төгөлдөр хуурын багшаар ажиллаж байна.


Ц.Цэгмид жүжигчний хүү болох Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг нар мөн аавынхаа адил авьяаслаг жүжигчид. Жүжигчин Ц.Төмөрбаатар 2009 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан бол түүний дүү Ц.Төмөрхуяг 2018 онд мөн Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн байдаг.


ХХ зууны манлай уран бүтээлч алтан үеийн гайхалтай жүжигчний нэг тэрээр ард түмэндээ Цогт тайжийн дүрээр сэтгэлд нь тодрох шилдгийн шилдэг дүр бүтээж жишиг үнэт өв үлдээсэн эрхэм хүн билээ. Одоо ч бид Цогт тайж хэмээх түүхэн баатрыг Цагааны Цэгмид гуайгаар л төсөөлдөг.


Түүний бүтээж, сэтгэлд хоногшсон дүрүүдээс “Сэрэлт” киноны Сүрэнгийн аав Дашийн дүр санаанд буудаг. Ялангуяа “Аль газраас миний охины толгойг залгих гэж ирсэн амьтан бэ” гээд л нүдээ эргэлдүүлэн орос эмч рүү дайрч буй хэсэг. Сонирхолтой нь энэ кинонд Цэгмидийн өөрийн амьдралаас сэдэвлэж хийсэн хэсэг ч бий ажээ.


Түүнийг 1963 оны 7 дугаар сарын 24-нд таалал төгсөхөд өөрийнх нь хүссэнээр "Шарай голын гурван хаан" жүжгийн Цас чихэр баатрын өмсгөл болох малгайтай нь эцсийн замд нь үдсэн гэдэг.


Тэр кинонд цөөхөн дүр бүтээсэн ч домог мэт үеийн үед цуурайтуулах хөшөө дурсгалаа үлдээж чадсан жинхэнэ “Од-Алтан” Цэгмид хочтой байжээ. "Сүхбаатар" кино 1941 он, "Цогт тайж" кино 1945 он, "Сэрэлт" кино 1957 он, "Алтан өргөө" кино 1961 он, "Улаанбаатарт байгаа миний аав" кино 1961 он, "Гологдсон хүүхэн" кино 1961 он, "Нүгэл буян" кинонд бүтээсэн цог жавхаатай хүрээ Нямжав түүний хамгийн сүүлийн дүр буюу 1963 он байлаа.













Related news