“Эрүүл Дарханчууд” дэд хөтөлбөрийн ажлын зураглалыг гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарын бүх шатны 70 гаруй удирдах ажилтан оролцсон зөвлөлгөөн хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө.
Зөвлөлгөөний нээлтэд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Б.Баттөмөр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг Даргын орлогч А.Түвшинбат, Нийгмийн Бодлогын Хэлтсийн дарга Н.Цасчихэр нар болон тус салбарын эмч, ажиллагсад оролцлоо. Эхний өдрийн зөвлөлгөөнд аймгийн Эрүүл Мэндийн газрын дарга Б.Батцэнгэл болон хэлтсийн дарга, мэргэжилтнүүд “Эрүүл мэндийн салбарын бодлого”, “Нийгмийн эрүүл мэнд, санхүү төлөвлөлт, хяналт үнэлгээ”, “Эмнэлгийн тусламж үйлчилгээ”, “Эмийн аюулгүй байдал”, “Салбарын шинэ технологи, инноваци”, “Хувийн хэвшлийн тусламж үйлчилгээ”-ний талаар мэдээлэл хийж илтгэл тавив. Зөвлөлгөөнөөр “Эрүүл Дарханчууд” дэд хөтөлбөрийн найман зорилтын хүрээнд 2017-2026 онуудад хэрэгжүүлэх гол ажлын зураглалыг зөвлөлдөж гаргалаа. Зөвлөлгөөний дараагийн өдөр нь “Имако Консалтинг” институтын захирал Д.Лхагвадулам, багш Б.Итгэлт нар удирдах ажилтнуудад “Шинэ эринд байгууллагыг хэрхэн шинэчлэх вэ?”, “Шинэ цагийн удирдлагын эмидж”, “Бүтээлч сэтгэлгээний загварчлал”, “Удирдлага, байгууллага дахь эерэг харилцааг үйлдвэрлэгч” зэрэг сэдвээр сургалт явууллаа. Аймгийн ЭМГ-ийн газрын дарга Б.Батцэнгэл: “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль, “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого” зэрэг хууль, эрх зүй шинээр бүрдсэнээр эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлийг “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” гэж тодорхойлсон. Энэ үйлчилгээнд хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандан судлаж хянах, эрүүл мэндийг дэмжин хамгаалж өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж хүн амд эрүүл мэндийн боловсрол олгоход салбаруудын оролцоо чухал үүрэгтэй. Эрүүл мэндийн үйлчилгээ, улсын болон орон нутгийн хэмжээнд баримталж байгаа бодлого чиглэлээр зөвлөлдөж удирдах ажилтнуудын арга барилыг чадавхжуулахад энэ удаагийн хоёр өдрийн сургалтын зорилго оршиж байна” гэлээ.
Б.Норовсамбуу