Хэнтий аймгийн шүүх иргэдэд үйлчлэх хэсэгтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-02-21 10:35:56

Хэнтий /МОНЦАМЭ/. Шүүхийн шинэтгэлийн хүрээнд Хэнтий аймгийн шүүх энэ жил иргэдэд хүрсэн, илүү бодитой ажлуудын санаачлан хийхээр төлөвлөжээ. Ингэхдээ иргэдэд үйлчлэх хэсгийг бий болгохоор өөрсдийн нөөц боломжинд тулгуурлан засварын ажлыг 4 сард эхлүүлж, 6 сард дуусгахаар төлөвлөж байна.

Иргэдэд үйлчлэх хэсэг ашиглалтад орсноор Шүүхээр үйлчлүүлэгчдийн болон байрны багтаамж хүрэлцээ нэмэгдэж, зохион байгуулалтын хувьд иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчлэх, албан хаагчдын харилцаа хандлагыг өөрчлөх зэрэг ажлын урсгалыг боловсронгуй болгох юм. Мөн шүүх хурлыг онлайнаар үзэх, шүүхийн мэдээллийг телевизийн шторкуудаар хүлээж авах, киоск төхөөрөмжөөр нэхэмжлэлийн загвар хэвлэж авах зэрэг техникийн нөхцөл бололцооны хувьд иргэдийн мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлэх, иргэдэд ойлгомжтой байлгах зорилтыг тавьжээ.

“Тус хэсэг байгуулагдсанаар шүүхээр анхлан үйлчлүүлж байгаа иргэдэд илүү хялбар, ойлгомжтой, зөв мэдээлэл хүрч эхэлбэл шүүхийн үйл ажиллагаа, шүүхээс гарах шийдвэрт иргэд сэтгэл ханамжтай байх гол нөхцөл бүрдэнэ” хэмээн шүүхийн удирдлагууд үзэж байна.

Д.Одонтунгалаг

 

 

 

Related news