Г.Энхбаяр: Багийн дарга шийдэж болох асуудлыг МХГ-т "даатгаад" ачаалал үүсгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвд оршин суугчдаас аймгийн Мэргэжлийн хяналтын газарт орчны бохирдолтой холбоотой асуудлаар дуудлага мэдээлэл өгч, "Шийдвэрлэлт удаан байна, хангалтгүй байна" гэх гомдлыг их хэлдэг байна. Мэдээллийн мөрөөр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль, орчны байцаагч Г.Энхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Аймгийн Мэргэжлийн Хяналтын газарт иргэдийн ирүүлж байгаа санал гомдлын дийлэнх нь хотын аж амьдралтай холбоотой байдаг гэх. Энэ тухай танд ямар мэдээлэл байна вэ?
-Манай байгууллага шуурхай утас 70440000 дугаарын утсыг ажиллуулснаас хойш иргэдийн дуудлага мэдээлэл их ирдэг болсон. Олонх нь орчны бохирдлын асуудлууд байдаг. Хог хаячаад явлаа, хог шатаагаад байна, угаадсаа асгаад явлаа, шлам угаагаад байна, мод хугалчихлаа, хайс эвдлээ зэрэг дуудлага их ирдэг. Мөн байрны гадаах хог ачихгүй байна, золбин нохой их байна, хөрс их бохирдлоо, байраа засчихаад хогоо ачуулахгүй байна, Багийн Засаг дарга ажлаа хийхгүй байна гэх мэт дуудлага тасардаггүй. Эдгээр нь нийт дуудлагын 80 орчим хувийг эзэлж байна. Дээрх асуудлыг цэгцлэх зорилгоор багийн Засаг дарга нарт сургалт ч хийлээ.
-Сургалтын талаар тодруулахгүй юу?
-Дээрх асуудлууд хуулиараа багийн Засаг даргын ажил үүргийн хуваарьт байдаг зүйлүүд. Багийн даргадаа хандаад шийдэж болох асуудлыг МХГ-т "даатгаад" ачаалал үүсгэх явдал их байна. Мэргэжлийн хяналтын байгууллага нь эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийдэг тогтолцоонд орж, жил бүр аймгийн хэмжээнд тодорхой обьектуудад хяналт шалгалт хийхээр сар сардаа төлөвлөн ажилладаг. Гэтэл дуудлага, өргөдөл гомдол бүрийн араас яваад шалгаад хариу өгөөд шийдвэрлээд явах зав байдаггүй. Гэтэл иргэний өргөдөл гомдлыг шийдвэрлэх хугацаатай. Тэгээд дээрх иргэдийн дуудлага, өргөдөл гомдлыг шийдвэрлэх гэхээр хуулиар олгогдсон эрх үүргийнхээ дагуу сум, багийн Засаг дарга нарын шийдвэрлэх асуудал байдаг. Харъяа сум, багийн Засаг даргаруу шилжүүлэхээр шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй алга болдог, зарим нь шийдэхгүй байна гэж гомдоллодог. Иймд Баянхонгор сумын ажилчид, албан хаагчид, сонгуулиар шинээр томилогдсон багийн Засаг дарга нарт ялангуяа Байгаль орчны багц хууль, Эрүүл ахуйн тухай хуулинд орсон сум, багийн эрх үүргийг тодорхой танилцуулж үүрэг, хариуцлагыг ойлгуулахыг зорьсон.
-Танайд ирэх ачааллыг багасгах ямар боломж байна вэ?
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 505 тоот тушаалаар Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалтыг баталсан. Үүнд салбар бүх салбарын 104 асуудлыг тусгасан байдаг. Дээрх асуудлууд бүгд орсон байдаг.
Манай байгууллагаас 2015 онд Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газартай санамж бичиг байгуулан ажиллаж байсан. Энэ нь үр дүнтэй байсан. Иймд энэ онд дахин санамж бичгийг байгуулан ажиллахаар төлөвлөж байна. Дээр нь 10 дугаар сард Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар, багийн Засаг дарга нарын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийхээр төлөвлөж байна. Энэ онд санамж бичгийг хамтран гаргана. Санамж бичиг дээрх тулгамдсан асуудлыг цаг тухайд нь шуурхай шийдвэрлэж байх, хамтарсан хяналт шалгалтыг төлөвлөн хэрэгжүүлэх чиглэлээр тусган ажиллахаар төлөвлөж байна. Санамж бичгийн дагуу төлөвлөгөө батлагдаж хэрэгжих юм.
-Гэхдээ багийн Засаг дарга нар шаардлагыг биелүүлэхгүй байгаа тохиолдолд танай байгууллага хамтарч ажиллана биз дээ?
-Хэрвээ Багийн Засаг дарга нар тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа бол дараа дараагийн шатны Засаг дарга нарт хандаж шийдвэр гаргуулах нь зүйтэй. Хэрвээ үнэхээр удаа дараа биелүүлэхгүй бол манайх болон холбогдох байгууллагуудтай хамтран хяналт шалгалт хийж болно.
Б.Мөнхзул
Related news

