Баяр дөхсөн энэ өдрүүдэд хяналтаа чангатгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-12-23 17:01:24

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан баяр дөхсөн энэ өдрүүдэд хүнсний зах, томоохон сүлжээ дэлгүүр, жижиг мухлагуудаар худалдаж буй хүнсний бүтээгдэхүүнд хяналтаа чангатган ажиллаж байна. Шалгалтаар жин хэмжүүрийн болон хаяг шошго, хадгалалтын технологи зөрчсөн зөрчил нэлээд гарчээ.

Тухайлбал, төмс гэхэд 3 хэмээс ихгүй, 85-95 хувийн чийгшилтэй орчинд байх атал 18 хэмийн агуулахад хадгалсанаас соёолсон байснаас гадна харлаж муудсан, зөөлөрч, ялзарсан жимс жимсгэнэ ч гарчээ.

Шинэ жилийн баярын хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг нь бялуу юм. Энэ үеэр хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бялуу гаднаас их хэмжээгээр ирдэг. Иргэд үнэ хямд гэдгээр гар дээрээс болон гадаа зарж буй бялууг түлхүү худалдаж авдаг. Энэ байдалд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар анхаарч шинжилгээний бичигтэй, шилэн хоргонд байлгахыг шаардаж, бялуунаас дээж авч шинжилж байна. Одоогоор Чойбалсан хотын хэмжээнд 4 газар бялуу хийж байгаа гэнэ. Ингэснээр орон нутгийн үйлдвэрлэлийн зах зээлээ хамгаалахаас гадна, чанартай найдвартай бүтээгдэхүүнээр үйлчлэх боломжийг хангаж байгаад иргэд талархалтай байна. Бялууны хувьд 24-48 цаг хадгалах зориулалттай гэдгийг хүнсний технологич ярьж байсан.

Мөн аймгийн МХГ-ынхан дэлгүүрт худалдаж буй боосон бэлгэнд хяналт тавин ажиллаж байна. Тэд 14 дэлгүүрийн 5000 бэлгэнд хяналт тавьсанаар шоколад, печень, ундаа гэхчлэн ганц нэг хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн мэр сэр орсон байсныг илрүүлж, зөрчлийг дор нь арилгуулав. Ил задгай худалддаг болон түргэн мууддаг бүтээгдэхүүнд дотоодын хяналт тавьж ажиллахыг сануулсан албан тоотыг төв захын захиргаанд хүргүүлсэн тухайгаа аймгийн МХГ-ын Улсын байцаагч Д.Ганчимэг ярилаа. 

Б.Туяа

Related news