СЭЛЭНГЭ: “Таван хан ноён” баг аваргын цом хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-04-28 15:14:24

Сүхбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/Залуу тамирчдын ур чадвар, багийн нэгдэл, ялалтыг тодорхойлсон 18 хүртэлх насны хөвгүүдийн волейболын шилдэг багуудын дунд зохион байгуулсан “Be сup-2026” тэмцээн амжилттай болж, Сэлэнгэ аймгийн “Таван хан ноён” баг аваргын цомыг хүртлээ.


Тэмцээнд 16 багийн 300 орчим тамирчин оролцож, хэсгийн болон хасагдах шатны тоглолтуудаар аваргаа тодруулсан байна. Богино хугацаанд өндөр ачаалалтай өрнөсөн тоглолтууд нь тамирчдын ур чадвар, тэсвэр хатуужлыг бүрэн сорьжээ.


Финалын тоглолтод “Таван хан ноён” баг довтолгоо, хамгаалалтын уялдаа холбоо болон багийн зохион байгуулалтаараа илүүрхэж, өрсөлдөгчөө буулган авснаар аваргын цомын эзэн боллоо.


Энэ удаагийн тэмцээний онцлог нь урилгаар бүрдүүлсэн шилдэг 16 баг оролцсон бөгөөд багууд маш сайн бэлтгэлтэй ирсэн нь өрсөлдөөнийг ширүүн болгосон байна. Мөн 18 хүртэлх насны ангилал нь ирээдүйн шигшээ багийн нөөцийг бүрдүүлэх чухал үе шат гэдгээрээ ач холбогдолтой юм.


Тэмцээний үеэр мэргэжлийн түвшинд дэвших ирээдүйтэй тамирчид олноор тодорсон нь энэ удаагийн тэмцээний гол үр дүн байсныг зохион байгуулагчид онцоллоо. Багийн бүрэлдэхүүнд Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч Б.Тэлмэн, Б.Цацралт-Эрдэнэ, С.Доржсүрэн, 11а ангийн сурагч Г.Зундуй, Л.Баяржавхлан, 10а ангийн сурагч Н.Түвшинбаяр, Э.Гүнчин, О.Өсөх-Ирээдүй, Г.Буяндэлгэр нар тогложээ. 


Тэмцээний шилдэг дасгалжуулагчаар спортын мастер А.Амартүвшин шалгарч, цом болон “Mizuno” брэндээс 1.000.000 төгрөгийн худалдан авалт хийх эрхийн бичгээр шагнууллаа.

Шилдэг холбогчоор 10а ангийн сурагч Э.Гүнчин шалгарч, цом болон “Mizuno” брэндийн 500.000 төгрөгийн эрхийн бичиг гардан авсан байна. Харин шилдэг тоглогчоор 12а ангийн сурагч Б.Тэлмэн тодорч, цом болон “Mizuno” брэндийн 500.000 төгрөгийн эрхийн бичгээр мөн шагнуулжээ. 


Мөн дээрх сурагчдад дунд сургуулиа төгсөөд сонгосон их, дээд сургуульдаа элсэн суралцахад эхний жилийн сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлөх эрхийн бичиг гардуулсан байна. Түүнчлэн волейболын дээд лигийн “Алтайн барс” багт тамирчнаар элсэх урилга гардуулжээ.

 

Related news