СЭЛЭНГЭ: Бүжгийн тэмцээн илүү өргөн хүрээг хамарчээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2026-04-26 13:38:26

Сүхбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын анхны бүжгийн багш, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Лувсандаш агсны нэрэмжит тэмцээн 4 дэх жилдээ аймгийн төв Сүхбаатар суманд болж байна.

 

Дэлхийн бүжгийн өдрийг угтсан энэхүү үйл ажиллагаа нь түүний алдар гавьяаг мөнхжүүлэх, соёлын боловсролыг түгээх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг бүжгийн урлагт татан оролцуулах, ирээдүйн авьяаслаг бүжигчдийг бэлтгэх зорилго дор болж буйгаараа онцлогтой.

 

Тус тэмцээнд Улаанбаатар хот, Сэлэнгэ, Орхон, Хэнтий, Говьсүмбэр, Төв, Дархан-Уул аймгийн ЕБС-ийн 1-12 дугаар ангийн 400 гаруй сурагч 4 насны ангиллаар авьяас билгээ сорьж байна. 


Өмнөх жилүүдэд тус тэмцээнд Сэлэнгэ аймгийн 16 сум, тосгодын соёлын төв, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцож, 20 гаруй баг, 300-400 орчим бүжигчин авьяас чадвараа сорин өрсөлдөж байсан бол энэ жилийн хувьд оролцогчдын хүрээ улам өргөжиж, сонирхогчдын тоо нэмэгджээ.

 

Тэмцээнд оролцогчид ардын болон орчин үеийн бүжгийн төрлөөр ур чадвараа сорьж, үндэсний хэв маяг, хөдөлгөөн, тайзны соёлыг чухалчилж буй нь тэмцээний онцлог байв.

 

Энэхүү үйл ажиллагаа нь орон нутгийн соёл урлагийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, ирээдүйн мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэх, бүжгийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтойг зохион байгуулагчид онцоллоо.

 

Тэмцээний шилдгүүдийг мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн үнэлж, төрөл тус бүрд тэргүүн, дэд, гутгаар байруудыг шалгаруулах юм.


Д.Лувсандаш зөвхөн багш биш, харин Сэлэнгэ аймгийн бүжгийн урлагийн суурийг тавьсан, үе үеийн уран бүтээлчдийг бэлтгэсэн гол хүн юм. Түүний дэглэсэн бүжиг, сурган хүмүүжүүлсэн шавь нар өнөөдөр ч Монголын урлагийн салбарт үнэ цэнтэй байр суурь эзэлсээр байна.

Тэрээр 1960-аад оны сүүл үеэс эхлэн Сэлэнгэ аймагт ажиллаж, аймгийн Соёлын ордон, хожмын “Сэлэнгийн долгио” чуулгад бүжгийн багшаар ажиллажээ.

 

Мэргэжлийн бүжгийн сургалт, дэглэлт тухайн үед хөдөө орон нутагт ховор байхад тэрээр өөрийн мэдлэг, ур чадвараа харамгүй зориулж, олон арван авьяастнуудыг нээн илрүүлж, урлагийн замд хөтөлсөн гавьяатан юм.

 

Д.Лувсандаш агсны дэглэсэн бүжгүүд нь үндэсний өнгө аяс, ахуй соёлыг уран сайхны өндөр төвшинд илэрхийлдгээрээ онцлогтой. “Малчны хүүхдүүд”, “Урианхай” зэрэг бүтээлүүд нь үзэгчдийн сэтгэлд хоногшиж, тухайн үеийн урлагийн наадам, уралдаануудад өндөр үнэлгээ авч байжээ.

 

Түүний удирдсан хамт олон улс, аймгийн чанартай уралдаан тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэж, Сэлэнгэ нутгийн нэрийг урлагийн тайзнаа тодотгож байсан түүхтэй.