СЭЛЭНГЭ: Хиагт хотод суралцаж буй монгол сурагчид англи хэлний олимпиадад амжилттай оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгаас ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Хиагт хотын ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй монгол сурагчид англи хэлний олимпиадад амжилттай оролцжээ.
Тодруулбал Хиагт мужийн англи хэлний олимпиадад 6 дугаар ангийн сурагч Т.Аниргоо тэргүүн байр, 8 дугаар ангийн сурагч Б.Энгүүн дэд байрт шалгарчээ. Ингэснээр дээрх хоёр сурагч Бүгд Найрамдах Буриад Улсын дараагийн шатны олимпиадад оролцох эрхээ авчээ.
Буриадын
англи хэлний олимпиад нь ОХУ-ын үндэсний системийн нэг хэсэг бөгөөд 5-11 дүгээр ангийн сурагчид оролцож, нас, ангиараа ангилалд өрсөлддөг байна. Уг олимпиад нь хэлний мэдлэг, унших, бичих, сонсох чадвар, ярианы ур чадвар
зэргийг цогцоор нь үнэлдэг байна.
Харин БНУ-ын
шатны олимпиад нь тухайн бүс нутгийн хамгийн өндөр түвшний олимпиад юм. Энэхүү олимпиадаас
шалгарсан шилдэг сурагчид дараагийн шатанд (Оросын хэмжээнд) өрсөлдөх боломжтой
болдог байна.
Дээрх олимпиадад шалгарсан сурагчид ОХУ-ын нэр хүндтэй их сургуульд шууд элсэх, эсвэл нэмэлт оноо авах, олон улсын олимпиад руу гарах гарц болдог, хэлний өндөр түвшний баталгаа болдог зэрэг олон давуу талтай юм.
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын тэргүүн А.С.Цыденов болон аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нарын уулзалт, хамтын ажиллагааны хүрээнд өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн 30 хүүхэд Хиагт хотод суралцаж байгаа юм.