СЭЛЭНГЭ: Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх алхмууд хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн чөлөөт бүсийн хөгжлийг эрчимжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд “Дэмт плаз энди” ХХК-ийн Ерөнхий захирал Е.В.Добрынин, орлогч захирал Б.Г.Дашапилов нартай тус бүсийн захирагч О.Анхбаяр энэ сарын 17-ны өдөр уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Уулзалтын үеэр талууд чөлөөт бүсэд хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөрөнгө оруулалтын чиглэлүүд, тэр дундаа хилийн худалдаа, ложистик, агуулахын цогцолбор болон үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах боломжийг онцлон хэлэлцсэн байна.
Алтанбулагийн чөлөөт бүс нь Монгол Улсын хойд хил дээр байрлах стратегийн ач холбогдол бүхий бүс нутаг бөгөөд ОХУ-тай хийх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
“Дэмт плаз энди” ХХК-ийн удирдлагууд тус бүсийн байршлын давуу тал, татварын хөнгөлөлт, дэд бүтцийн боломжуудыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн бөгөөд цаашид тодорхой төсөл хэрэгжүүлэх боломжийг судалж, хамтран ажиллахаар тохиролцсон байна. Түүнчлэн уулзалтын үеэр талууд харилцан ашигтай, урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн байна.