ЗАВХАН: Ой, хээрийн түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-28 09:31:25

Улиастай, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн нийт нутгийн хэмжээнд хуурайшилтын зэрэг ихэсч, ой, хээрийн түймрийн аюул нэн өндөр түвшинд хүрснийг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.


Тодруулбал, Ургамал, Дөрвөлжин, Завханмандал, Алдархаан, Улиастай, Тосонцэнгэл, Баянтэс сумын ОХУ-тай хиллэдэг хойд хэсгээр түймрийн эрсдэл нэн их буюу дөрөвдүгээр зэрэглэлд хүрч, “нэн аюултай” түвшинд байна. Харин бусад 17 сумын нутагт түймрийн эрсдэл гуравдугаар зэрэглэл буюу “аюултай” түвшинд байгаа аж.


Иймд холбогдох байгууллагаас иргэд, малчид, аялал зугаалгаар зорчиж буй хүмүүст хандан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхаарууллаа. Тухайлбал, асаасан гал, үнс нурмыг бүрэн унтраах, татсан тамхины ишийг ил задгай хаяхгүй байх, хээр задгай гал түлэхгүй байх, хуурай өвс, хог шатаахгүй байх, авто машинаас шатамхай зүйл хаяхгүй байхыг зөвлөв.


Мөн галын аюултай нөхцөл байдал илэрсэн тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдээлэхийг санууллаа.


Related news