ЗАВХАН: Баруун бүсийн хурдан морины уралдааныг тав дахь удаагаа зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-28 09:39:22

Улиастай, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Энэ жилийн баруун бүсийн хурдан морины уралдаан 7 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Завхан аймагт болно.


Засгийн газрын дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 143 дугаар тогтоолоор Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5.3, 10.18-д заасныг тус тус үндэслэн Завхан аймгийн баяр наадмыг 2026 оны 7 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд тэмдэглэхээр шийдвэрлэжээ.


Иймд тус аймгийн баяр наадам 7 дугаар сарын 11-ний өдөр болохгүй бөгөөд Засгийн газрын тогтоолын дагуу баруун бүсийн хурдан морины уралдаантай хамтатган зохион байгуулна. Аймгийн цол олгох асуудлыг Завхан аймгийн Уяачдын холбоо болон Бөхийн холбоотой хамтран шийдвэрлэхээр болсон байна.


Завхан аймаг энэ жил тав дахь удаагаа бүсийн хэмжээний томоохон наадам зохион байгуулах гэж байна. Тодруулбал, 1995 онд баруун бүсийн Сар хайрханы наадам, 2009 онд Тэлмэний хөндийд “Очирваанийн хурд” баруун бүсийн уралдааныг зохион байгуулж байжээ. Мөн 2013 онд аймгийн 90 жилийн ой, 2023 онд 100 жилийн ойтой хамтатган баруун бүсийн хурдан морины уралдааныг тус тус зохион байгуулсан байна.


Энэ жилийн баруун бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулалтын өндөр түвшинд бэлтгэн явуулна гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

 Нүүрний гэрэл зургийг: П.Баатарзоригт

Related news