Тус үйл ажиллагаа нь хүүхэд, залууст зөв хүмүүжил, ёс суртахуун, хувь хүний төлөвшлийг бага наснаас нь бий болгоход номын гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг таниулах зорилготой юм. Мөн сайн хүний зан чанар, зөв хандлага, унших соёлыг төлөвшүүлэх, номтой нөхөрлөх дадлыг бий болгох чиглэлээр хэлэлцүүлэг, харилцан яриа өрнүүлэхээр төлөвлөжээ.
Аймгийн төв номын сангаас шинэ номын танилцуулга хийж, хүүхэд, залуучуудын насны онцлог, сонирхолд нийцсэн номын үзэсгэлэн, явуулын уншлага зохион байгуулж байна. Сүүлийн жилүүдэд ном унших соёлыг хүүхдүүдэд таниулах ажил эрчимжсэнээр ном уншигчдын тоо нэмэгдэж, байнгын уншигчдын 90 орчим хувийг хүүхэд, залуучууд эзэлж байгаа нь сайшаалтай үзүүлэлт болохыг зохион байгуулагчид онцлов.
Энэ үеэр хүүхдийн насны онцлогт тохирсон уран зохиолын бүтээлүүдийг санал болгож, эцэг эхчүүдэд уриалга хүргүүлэх юм. Тухайлбал, сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд Ч.Арьяасүрэнгийн “Сүргийн манлай эрэлхэг амьтдын үлгэр”, С.Буяннэмэхийн “Өчүүхэн дөрвөн үлгэр”, Ц.Дамдинсүрэнгийн “Цэцэн хурга”, “Хамгийн хэцүү нь юу вэ” зэрэг бүтээлийг санал болгож байна. Мөн А.Толстойн “Алтан түлхүүр ба Буратиногийн адал явдал”, “Цөмөөхэй ба хулганы хаан”, Г.Х.Андерсен, Ах дүү Гриммийн үлгэрүүд, “Манжин” зэрэг дэлхийн сонгодог үлгэрүүдийг зөвлөж байна.
Бага ангийн сурагчдад Ч.Алагсайн “Ирвэст уул”, “Хаан хуруу”, “Хоёрын хүрд”, “Аав цэцэрлэгт орсон нь” зэрэг монголын зохиол болон Г.Х.Андерсений үлгэрүүд, “Бяцхан гүнж”, “Бургаасан шугуйн салхи”, “Робинзон Крузо”, “Бөгтрөгтэй морьхон” зэрэг дэлхийн уран зохиолыг санал болгожээ.
Дунд ангийн сурагчдад “Сүүлэнхүүд тохиолдсон явдал”, “Мөнгөн хараацай”, “Алтан хараацай”, “Есөн эрдэнийн орон”, “Цүнхтэй инээд” зэрэг монголын бүтээлүүд болон “Далайн хөвөөний алаг хав толгой”, “Цайран харагдах хөлөг онгоц”, “Жаалхан авхай нар”, “Бахархал, бардамнал” зэрэг дэлхийн уран зохиолын сонгодгуудыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн үйл ажиллагаа нь хүүхэд, залуучуудад ном унших соёлыг төлөвшүүлэх, номтой нөхөрлөх дадлыг нэмэгдүүлэх зорилготойг аймгийн төв номын сангаас онцлов.
Ташрамд дурдахад, жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг “Дэлхийн номын ба зохиогчийн эрхийн өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд олон улсын хэмжээнд 100 гаруй улс орон ном уншихын ач холбогдлыг сурталчилсан төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг байна.
