ЗАВХАН: Хөрсний доройтлын ихэнх нь мал аж ахуйн салбартай холбоотой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-21 15:51:17

Улиастай. 2026 оны дөрөвдүгээр сарын 21. /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 24 сумын хөрсний доройтлыг үнэлэхэд эвдрэлийн ихэнх хувь нь мал аж ахуйн салбарын нөлөөллөөс үүдэлтэй байгааг аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвийн тайланд дурджээ.


Судалгаагаар аймгийн нийт газар нутгийн 59.3 хувь нь цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртсөн бөгөөд үүний 51 хувь нь уур амьсгалын өөрчлөлт, 49 хувь нь хүний хүчин зүйлийн нөлөөнөөс шалтгаалсан байна. Цөлжилтийн зэргээр ангилбал нийт нутгийн 48.6 хувь сул, 9.6 хувь дунд, 1.1 хувь хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна.


Цөлжилт, хөрсний доройтол нь байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөллийн нийлбэр үр дүн юм. Сүүлийн жилүүдэд мал сүргийн тоо толгой огцом өсөж, бэлчээрийн зохицуулалтгүй ашиглалт нэмэгдсэнээр ургамлын нөхөн сэргэх боломж хумигдаж, зарим ургамал устахад хүрчээ. Үүний улмаас бэлчээр талхлагдаж, хөрсний элэгдэл, эвдрэл нэмэгдэх нөхцөл бүрдэж байна.


Мөн газар тариалан, уул уурхай, зам, дэд бүтэц, байгалийн баялгийн зохисгүй ашиглалт зэрэг нь газрын доройтолд тодорхой хэмжээгээр нөлөөлж буйг тайланд онцолжээ. Ялангуяа уул уурхайн үйл ажиллагаа эрчимжихийн хэрээр эвдэрсэн газрын хэмжээ нэмэгдэж байгаа аж.


Хөрсний ус, чийгийн хангамж буурч, үржил шим доройтон, ургамлын бүрхэвч багасах, мод сөөг ховордох, улмаар цөлжилт нэмэгдэх сөрөг үр дагавар ажиглагдаж байна. Иймд бэлчээрийн даац, ашиглалтыг зохистой түвшинд барих, доройтлыг бууруулах чиглэлд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд анхаарууллаа.


Цөлжилт нь хуурай, хагас хуурай бүс нутагт уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны хавсарсан нөлөөгөөр газрын доройтол явагдах үйл явц бөгөөд цөл нь уг үйл явцын төгсгөлийн шат гэж үздэг. Монгол Улс газар зүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгалын онцлогоос шалтгаалан дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг орнуудын нэгд тооцогддог.


Сүүлийн 80 жилийн ажиглалтаар улсын хэмжээнд жилийн дундаж агаарын температур 2.25 хэмээр нэмэгдэж, хур тунадасны хэмжээ 8 хувиар буурсан байна. Завхан аймгийн хувьд цөлжилт баруун болон өмнөд бүсийн сумдад илүү эрчимтэй явагдаж байгааг судалгаанд дурджээ.

 

Related news