ЗАВХАН: “Найз байя” аян 30 сургуульд өрнөж, дээрэлхэлтийн эсрэг нэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-24 12:52:01

Улиастай, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн ерөнхий боловсролын 30 сургуульд “Найз байя” үндэсний нөлөөллийн аяныг идэвхтэй өрнүүлж байна.


Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор хэрэгжиж буй уг аян нь сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, багш, ажилтнууд болон олон нийтийн дунд үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалтын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, энэ төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.


Аяныг Завхан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, аймгийн Боловсролын газар хамтран зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнууд үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт нөлөөллийн ажлыг хэрэгжүүлжээ.

Хэрэгжүүлсэн ажлуудыг дүгнэх хүрээнд “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд Улиастай сумын долоон сургуулийн 570 гаруй сурагч оролцож, “Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй” уриалгыг үе тэнгийнхэндээ дэвшүүлсэн байна.


Түүнчлэн цахим орчин дахь үе тэнгийн дарамт, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхлаас урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эерэг харилцаа болон хариуцлагатай цахим хэрэглээний соёлыг төлөвшүүлэхэд сургуулийн нийгмийн ажилтнууд сурагчидтай хамтран идэвхтэй ажиллажээ.


Ингэснээр хүүхэд хүүхдэдээ эерэгээр нөлөөлөх орчныг бүрдүүлж, өсвөр үеийнхний дунд итгэлцэлд суурилсан харилцааг төлөвшүүлэх, мэдээллийг бодит нөлөө бүхий, хүлээн зөвшөөрөгдөх хэлбэрээр түгээхэд анхаарч ажилласан байна.


Аяны хүрээнд сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид, багш, сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан мэдээ, мэдээлэл, зөвлөмж түгээх, сошиал хөдөлгөөн өрнүүлэх, уралдаан, тэмцээн зохион байгуулах, сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа явуулсныг Завхан аймгийн Боловсролын газраас мэдээллээ.


Related news