ЗАВХАН: ISO 9001:2016 чанарын менежментийн стандартыг нэвтрүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-23 10:20:47

Улиастай, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар үйл ажиллагаандаа олон улсын чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлж эхэллээ.


MNS ISO 9001:2016 нь байгууллага хэрэглэгчийн шаардлага болон хууль эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтмол нийлүүлэх чадварыг баталгаажуулдаг чанарын менежментийн тогтолцооны олон улсын жишиг шаардлага юм.


Энэхүү стандарт нь үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах, эрсдэлийг удирдах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд чиглэдэг бөгөөд ISO 9001:2015 стандартын Монгол Улсад мөрдөж буй албан ёсны хувилбар юм.


Стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын ахлах зөвлөх Ц.Хишигжаргал аймгийн Засаг даргын Тамгын газрын алба хаагчдад сургалт зохион байгууллаа. Сургалтаар ISO 9000 бүлгийн стандартын талаарх ерөнхий ойлголт, чанарын менежментийн тогтолцооны шаардлага, холбогдох норматив баримт бичиг, хууль эрх зүйн орчны талаар мэдээлэл өгч, оролцогчдын мэдлэгийг нэмсэн байна.


Мөн чанарын менежментийг хэрэгжүүлэх, нэвтрүүлэхтэй холбоотой аудитын үйл явцын талаар танилцуулж, стандартыг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний хүрээнд байгууллагын үйл ажиллагаанд зөрүүгийн шинжилгээ хийх, ажлын хэсэг байгуулах, нэвтрүүлэлтийн төлөвлөгөө боловсруулж батлуулах зэрэг ажлыг эхлүүлжээ.


Цаашид аймгийн хэмжээнд төрийн байгууллагуудад MNS ISO 9001:2016 стандартыг үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөж буйг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын олон нийттэй харилцах ажилтан З.Ариунтуяа мэдээллээ.


Ташрамд дурдахад, уг стандартыг Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор баталж, 2016 оны тавдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн байна.


Related news