ЗАВХАН: Хомын талд энэ жилийн анхны тахийн унага гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-22 09:28:48

Улиастай. 2026 оны дөрөвдүгээр сарын 22. /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын талын байгалийн цогцолборт газарт өсгөн үржүүлж буй тахийн сүрэгт энэ жилийн анхны унага гарчээ.


Энэхүү унага нь дөрөвдүгээр сарын 20-ны өдөр “Сарны гэрэл” нэртэй азарганы сүрэг дэх “Сайга” гүүнээс гарсан бөгөөд эр унага юм. 


Өнгөрсөн 2025 онд мөн адил “Сарны гэрэл” сүргээс тухайн жилийн анхны унага гарч “Moonrider” нэртэйгээр бүртгэгдэж байжээ. Хомын тал нь Монгол Улсад тахийг зэрлэг байгальд сэргээн нутагшуулж буй гурван гол бүс нутгийн нэг бөгөөд 2004 оноос Франц улстай хамтран уг ажлыг хэрэгжүүлж байна.


Одоогоор тус цогцолборт газарт 150 гаруй тахь нутагшиж байгаа бөгөөд тэдгээр нь бүгд нэртэй, мөн байршил болон сүргийн хөдөлгөөнийг байгаль хамгаалагчид, судлаачид тогтмол бүртгэн хянаж байна.


Тахийг сэргээн нутагшуулах, хамгаалах ажил нь ихээхэн хэмжээний хөрөнгө шаарддаг тул жил бүрийн хавар гарсан унагануудаас сонгон нэр өгүүлэх замаар олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх “унага үрчлүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.


Уг хөтөлбөрт оролцогчид тодорхой хэмжээний мөнгөн хандив өргөж, унаганд нэр өгөх боломжтой бөгөөд тухайн унага нь дэлхийн тахийн удам зүйн мэдээллийн санд бүртгэгдэж, хувийн дугаартай болдог байна. Мөн хандивлагчдад сертификат олгож, жилд хоёр удаа унаганы талаарх мэдээллийг хүргэдэг талаар Хомын талын байгалийн цогцолборт газрын захиргааны дарга Ц.Мөнхбат мэдээллээ.

Сайга гүү унагатайгаа


Хомын талын энэ жилийн анхны унага

Related news