Бүртгэгдээгүй дроныг ирэх оноос хязгаарлаж, хуулийн дагуу арга хэмжээ авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-11-29 13:29:56

ИНЕГ-аас хувь хүн, албан байгууллагын эзэмшиж буй дрон буюу зайнаас удирддаг агаарын хөлгийг бүртгэх ажлыг эхлүүллээ.

Дрон эзэмшигч хувь хүн,  байгууллага нь Монгол Улсын агаарын зайн тодорхой хэсгийг дрон нисгэх үйл ажиллагаанд ашиглах тул нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангах үүднээс бүртгэлжүүлж, хэрэглээг цэгцлэх шат дараалсан арга хэмжээ авахаар болжээ. Уг арга хэмжээний хүрээнд бүртгэл эхлүүлээд байгаа бөгөөд хоёр үе шаттай зохион байгуулах аж. Эхний үе буюу энэ оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сайн дурын бүртгэл хийх ба 2017 оноос эхлэн дрон бүртгэх ажиллагааг албажуулж, бүртгэлгүй дроныг зөвшөөрөгдөөгүй бүс, хязгаарлалттай орон зайд нисгэх тохиолдолд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах юм.

Дэлхий нийтэд дроныг агаараас зураг авах, аливаа байгууламжийг хянах, эсвэл тоглоом, зугаа хэлбэрээр гэх мэтээр өргөнөөр ашиглаж, хэрэглээ нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа. Гэвч дрон нь нисдэг төхөөрөмж тул хяналттай агаарын зайд ойрхон нисгэх, хүн ам шигүү суурьсан бүс эсвэл аэродромын орчимд нисгэх зэргээр нисэхийн аюулгүй ажиллагаанд янз бүрийн эрсдэл үүсгээд байгаа юм. Олон улсад иргэний нисэхийн салбарт тулгамдаж буй энэхүү эрсдэлийг багасгах, нисэхийн аюулгүй ажиллагаанд нөлөөлөх нөлөөллийг бууруулах чиглэлээр янз бүрийн зохицуулалт хийж, хяналтын аргачлалуудыг боловсруулж байна.

Монгол Улсын ИНЕГ ч “дрон”-ы үйл ажиллагааны зохицуулалт, нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар холбогдох дүрэм журамдаа тусгасан байдаг аж.

Н.Туяа

 

Related news