ЗАВХАН: Үндэсний бичиг бидний өв нэртэй үйл ажиллагааг зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-01-28 17:25:30

Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Түдэвтэй суманд бүх нийтээр хос бичигтэн болох төрийн бодлогын хүрээнд сумын төрийн байгууллагуудын дунд бичгийн өв соёлоо таниулах зорилготой “Үндэсний бичиг – бидний өв” нэртэй үйл ажиллагааг зохион байгууллаа.


Тус үйл ажиллагаанд сумын төрийн байгууллагын 60 орчим албан хаагч хамрагдсан бөгөөд нэгдүгээр сарын турш Соёлын төвийн орон нутаг судлах танхимын ажилтан, номын санч, хөгжмийн багш нар хамтран хэрэгжүүлэв.


Үйл ажиллагааны хүрээнд төрийн албан хаагчдын дунд монгол бичгээр хурдан унших, цээжээр зөв бичих, кирилл бичгээс үндэсний бичигт хөрвүүлэх, цахимаар зөв, хурдан шивэх зэрэг уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулсан нь оролцогчдын идэвхийг нэмэгдүүлж, өрсөлдөөнтэй боллоо. Мөн оньсон тоглоомоор буухиа тэмцээн явуулж, ажлын байрны алжаал ядаргаа тайлах зорилгоор зөв дадлыг хэвшүүлэх бий биелгээний дасгал хөдөлгөөнийг зааж сургасан нь онцлог байв.

Үйл ажиллагаанд оролцсон албан хаагчдын 80 гаруй хувь нь үндэсний монгол бичгээр зөв, алдаагүй бичиж чадсан нь сайшаалтай үр дүн байлаа.


2025 оноос эхлэн төрийн албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулж эхэлж буйтай холбогдуулан эх хэл, соёлоо дээдлэх, эх хэлний зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эх хэлээрээ бахархах үзлийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү үйл ажиллагааг цаашид тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мөн сумын иргэдийг цахим орчинд бичгийн соёлыг түгээхийг уриалж, монгол бичгээрээ алдаагүй, зөв бичиж мэдээллээ түгээхэд төрийн албан хаагчид манлайлан оролцохыг уриалсан бөгөөд үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон албан хаагчдыг шагнан урамшуулсан тухай Түдэвтэй сумын Соёлын төвөөс мэдээлэв.


Related news