ЗАВХАН: Хоёрдугаар сард температурын огцом өөрчлөлт үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-01-26 16:39:44

Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн нийт нутгаар ирэх хоёрдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна гэж Завхан аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.


Хоёрдугаар сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3 градусаар дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–5 градусаар хүйтэн байна.


Сарын гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад хугацаанд дунджийн орчим байх төлөвтэй байна. Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.


Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг.


Энэ сард хур тунадас бүх нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд зарим газраар бага зэргийн цас, гуравдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон явган шуурга шуурч болзошгүй байна. Мөн температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах төлөвтэй, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байна. Тиймээс малчид, тээвэрчид, иргэд хол замд гарахдаа богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна.


Өвлийн улиралд малын бэлчээрлэлт агаарын температур -32°C, салхигүй байх үеэс хүндэрч -41°C хүрэхэд саатдаг. Мөн хаврын улиралд цас ихтэй нутгуудад температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдаж байгаа тул малчид илүү анхааралтай байх хэрэгтэй юм. Малыг хэвтрээсээ даарахад анхаарч хашаа саравчны дулаан алдагдуулахгүй хадгалахад анхаарах. Хүйтний оргил өдрүүдээр малыг тэжээх, тэжээлийн хэмжээг нэмэгдүүлэх, хужир шүү нэмэлтээр өгөх.

Ялангуяа их хүйтэнд бог мал хашаа хороо, нөмөр нөөлөг газарт олноор бөөгнөрснөөс дарагдаж, үхэж хорогдох нөхцөл үүсдэг тул анхаарах. Малаа ойрын бэлчээрт энгэр ээвэр, нөмөр газраар бэлчээрлүүлээрэй хэмээн цаг уурын байгууллагаас зөвлөв.


Related news