БАЯНХОНГОР: Эрчим хүч хэмнэх шинэ загварын хайбрид сууцыг иргэдэд танилцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-01-19 12:18:09
Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Нарны эрчим хүчээр дулааны асуудлыг шийдсэн хайбрид сууц, монгол гэрийн загварын төвийг Баянхонгор аймагт байгуулж, иргэдэд танилцуулахаар боллоо.

Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат утааг бууруулах зорилтын хүрээнд нөхцөл байдлыг судалж, бодит үр дүн бүхий сайн жишгийг судалж байгаа юм. Энэ хүрээнд тэрбээр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны төвлөрсөн дулааны шугам сүлжээ очих боломжгүй, орон сууц баригдаагүй уулын энгэр газарт байрлах нарны эрчим хүчээр дулааны асуудлыг шийдсэн, гүний худгаар цэвэр усны асуудлыг мөн шийдсэн "Хайбрид хаус"-тай танилцсан байна.


Гурван жилийн өмнө ашиглалтад оруулсан хайбрид хауст одоогоор найман айл тохилог, дулаан амьдарч байна. Улаанбаатар хотод эрчим хүчний өндөр хэмнэлттэй орон сууцыг анхлан Баянхонгор аймгийн гаралтай залуучууд нэгдэн барьж, ашиглалтад хүлээлгэн өгсөн ажээ.

Аймгийн удирдлага нутаг орны залуусын байгуулсан орон сууц, үйлдвэрлэл, мөн монгол гэрийн дулаалгын ажилтай танилцах үеэрээ утааг бууруулах зорилтын хүрээнд эхний ээлжид тус компанитай хамтран загварын монгол гэр болон хайбрид сууцны нэг загварыг аймгийн төвд байгуулж, иргэдэд танилцуулахаар болжээ.


Related news