БАЯНХОНГОР: Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг аймгийн хэмжээнд хийнэ
ФОТО МЭДЭЭ
Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын нэрэмжит Гамшгаас хамгаалах бэлэн байдлын урьдчилсан үзлэгийг Эрдэнэцогт, Өлзийт сумаас эхлүүллээ. Үзлэгийг аймгийн төвийн, говийн болон хангайн бүсийн сумдаар бүсчлэн зохион байгуулах бөгөөд аймгийн Засаг даргын орлогч, Засаг даргын зөвлөх нараар ахлуулсан гурван ажлын хэсэг ажиллана.
Аймгийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, 20 сумын Онцгой комисс болон гамшгаас хамгаалах ерөнхий зориулалтын мэргэжлийн ангид тавдугаар сарын 15-ны дотор үзлэгийг бүрэн явуулж дуусгана.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг нь болзошгүй аюул, ослын үед байгууллага, иргэдийн хариу арга хэмжээ авах чадавхыг үнэлж, бэлтгэл, бэлэн байдлыг хангахад чиглэдэг. Энэхүү үйл ажиллагааг Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль болон холбогдох журмын дагуу зохион байгуулж байна.
Үзлэгээр гамшгаас хамгаалах төлөвлөгөө, томилгоот бүрэлдэхүүний жагсаалт, сургалтын бүртгэл, албан хаагчдын аранз (үүргэвч) болон түүнд байх ёстой анхны тусламжийн хэрэгсэл, хоол хүнс, хувцас хэрэглэл, холбоо зохион байгуулалт, тусгай зориулалтын техник, гал унтраах болон аврах ажиллагааны багаж хэрэгслийн бэлэн байдал, мөн гамшгийн үеийн зарлан мэдээлэх дохиогоор ажиллах, анхны тусламж үзүүлэх болон үүрэг гүйцэтгэх чадвар зэргийг шалгадаг байна.