БАЯНХОНГОР: Гулсуур хад, хүүхдийн хөлийн хэв бүхий Цагаан хадны зургууд жуулчдын сонирхлыг гойд татдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Хүүхдүүд гулгасаар байгаад хадыг хонхойлгон мөлгөр гадаргуутай болгосон болов уу гэмээр гулсуур хад, 3-4 хүүхдийн гишгэж явсан мөр бүхий хадны хонхрууд, хаданд хэв гарган бүтээсэн хэвтэж буй хүүхдийн дүрс зэрэг олон содон зургийг Цагаан хаднаас харж болно.
Энэхүү ховор сонин газар Баянхонгор аймгийн Шинэжинст суманд орших Цагаан булагийн хаданд байх агаад хүүхдийн сэдвээс бүрдсэн зургуудын цогцолбор юм. Тус сум аймгийн төвөөс 261 км, Улаанбаатар хотоос 900 км зайтай.
Хэвтэж буй хүүхдийн дүрсийг ажиглан харвал гарын дунд хуруунууд бусдаасаа 2 дахин урт, үзүүр дээрээ том товгортой, толгой дээрээ цагираг хэлбэрийн антен шиг дүрслэлтэй, чих нь урт нарийхан, хөл нь майга богинохон, ахар сүүл нь урт байдалтай байдаг. Мөн морины дүрс байгаад, түүний хажууд хар өнгөөр бичсэн дүрс үсгийн бичээсүүд ч бий.
Цагаан булагийн хадны сүг зургийг судалсан зарим эрдэмтэд эдгээр дурсгалыг өөр гараг ертөнцийн оюун ухаантны бүтээл байж болох юм гэж үзсэн байдаг. Тус бүс дотоод, гадаадын жуулчдын сонирхлыг гойд татдаг.
Залаажинст нутгийн Бурхант, Бамбуу, Эхийн гол, Цагаан бургас, Өлзийт, Мухар задгай зэрэг байгалийн сайхан нь давтагдашгүй өвөрмөц. Говийн гоёл болсон үзэсгэлэнт баянбүрд бүхий газруудад нь хар сүүлт зээр, хулан хавтгай, мазаала, баавгай, цөөвөр чоно, цоохор ирвэс зэрэг дэлхийд ховор амьтад нутагладаг төдийгүй Ногоон цавын хоолой, Дөш хайрхан, Дархан булаг, Цагаан хаалга, Улаан хайрхан, Зуун мод, Хүж хад зэрэг байгалийн үзэсгэлэн төгс газруудтай.