Орон нутгийнхаа түүх, соёлыг сурталчлах, шинээр илрүүлэх өдөрлөг явуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-19 14:59:19

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийтийн номын сангаас санаачлан “Миний сайхан Мандал сум” сэдэвт түүх,  соёл сурталчлах үзэсгэлэн, өдөрлөгийг зохион байгуулсан байна.

Тус арга хэмжээ нь түрүү сарын сүүлчээр болсон бөгөөд орон нутгийнхаа түүх, соёл, төр нийгмийн зүтгэлтнүүдийг алдаршуулах, соёлын шилдэг өвийг хадгалан хамгаалагч байгууллага, аж ахуй нэгж, айл өрхийг тодруулан шалгаруулж, урамшуулах зорилгоор зохион байгуулжээ. Тус үйл ажиллагаанд Мандал сум дахь Хорих 0413 дугаар анги, Мандал сумын Хэрх тосгоны “Хэрх” орон нутгийг судлах танхим, Мандал сумын 1-р баг, Улаанбаатар хот дахь ШУА-ийн Түүх архилогийн хүрээлэн болон Эртний эдлэл хадгалагч иргэд оролцсон байна.

Энэхүү өдөрлөг, үзэсгэлэнг санаачлагч Мандал сумын Нийтийн номын сангийн захирал А.Оюунсүрэн: “Манай нийтийн номын сангаас сум орон нутгийнхаа түүх соёлыг ард иргэддээ сурталчилах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор олон сайхан ажлуудыг зохион байгуулж байгаа. Манай сумын онцлог болохоор Сэлэнгэ аймгийн хамгийн том сум. Манай аймгийн хувьд нийтийн төв номын сан хоёртой. Нэг нь аймгийнхаа төвд, нөгөөх нь манай Мандал сумын нийтийн төв номын сан байгаа. Үүгээрээ улсын хэмжээнд онцлогтой мөн хоёр тосгонтой. Энэ тосгоддоо орон нутаг судлах танхим ажилладаг юм. Манай байгууллага удирдлагынхаа хэмжээнд орон нутагтаа музейтэй болох талаар хөөцөлдөж байгаа. Зүүнхараа хотдоо бол музейгүй учраас хотын маань соёлын өвийн бүртгэл юмнууд жаахан орхигдчихоод байдаг юм. Түүнийгээ гүйцээж бүртгэх, ард иргэдээ идэвхижүүлэх зорилгоор хоёр дахь жилдээ энэхүү “Миний сайхан Мандал сум” нэртэй орон нутгийн түүх соёлыг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэ өдөрлөгийн гол зорилго бол түүх соёлоо сурталчилхаас гадна суманд хадгалагдаж байгаа соёлын хөдлөх өв болон биет өвөө бүртгээд гэрчилгээ олгож, ард иргэдээ идэвхижүүлэхэд чиглэгддэг” хэмээн ярилаа. Энэхүү үзэсгэлэнд хорих ангид хүмүүжиж байгаа иргэдийн урласан эсгий урлал, чулуун шатар, модон эдлэлүүд, Мандал сумын Хэрх тосгоны “Хэрх” орон нутгийг судлах танхимд хадгалагдаж буй дээр үеийн дэнс. Наранцэцэг гэдэг хүний анх хийсэн хөө хуяг, оросын эртний оёдлын машин, Мандал суманд байсан усан тээрмийн жижиг болгож хийсэн загвар, чулуужсан могой, тарваганы чихмэл, усан тээрмийн тууриас олдсон морины тахны олдвор. Мөн Зүүнхараа САА гэж байхад даргынх нь хэрэглэж байсан утасны аппарат, үе үеийн баатрууд, гавьяатуудын хөрөг зураг. Мандал сумын 1-р багийн “Тэс”-ийн гудамжинд оршин суудаг Ц.Алтанхуяг гэдэг хүнд хадгалагдаж байгаа Ноён хутагт Данзанравжаагийн дээл, хөрөг, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар соёны хар өвчүүлийн удмын судар, Хүний насыг 60 жил гэж бодоод багаар бодоход 420 жил хадгалагдсан анхны бүрэн эхээрээ хэвлэгдсэн хүүхдийн судар, 6 үеэрээ хадгалагдаж ирсэн тогоо хадгалагдаж байдаг. Бас нэг ийм үндсэн эхээрээ хадгалагдаж байгаа судар зэрэг сонирхолтйо олдвор бүтээлүүд дэлгэгдсэн байна.

Түүнчлэн эртний эдлэл хадгалсан Г.Ганбаатар гэдэг хүнд өвөг дээдсийнхээ өв соёлын бүтээлээрийг үргэлжлүүлэн хадгалж яваа 1910-аад оны хамгийн анхны хөл оёдлын машин, 1940-өөд оны мотоцикл, малгай, нүдний шилтэйгээ, Япон бууны  жад, 1918 оны ноёд хаадын хэрэглэж байсан домбо, “Амарбаясгалант” хийдийн лам нарын хэрэглэж байсан эд зүйлс, 1886 оны алтжуулсан ваар гээд олон сонирхолтой үзмэрүүд дэлгэн тавигджээ.

Ч.Отгонцэцэг

Related news