СЭЛЭНГЭ: Гүзээлзгэнийн хүлэмжийн аж ахуй байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-01 14:51:32

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, БНСУ-ын Тун Ён хотын төлөөлөгч Пак Хун Дэйг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар Сэлэнгэ аймаг, Тун Ён хотын хамтын ажиллагаа, соёл, нийгэм, эдийн засаг, хөрөнгө оруулалт зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагаа, дэмжлэгийг бэхжүүлж, тус хотод улирлын ажиллах хүч нийлүүлэх талаар хэлэлцэн тохиролцлоо.

 

Тун Ён хот нь Солонгос улсдаа хамгийн амттай гүзээлзгэнэ тариалдгаараа алдартай бөгөөд өндөр үнээр борлуулдаг онцлогтой юм.

 

Иймээс аймгийн Засаг даргын зүгээс гүзээлзгэнийн хүлэмжийн аж ахуйг Сэлэнгэ аймагт байгуулах санал гаргаж, хамтарч ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийллээ.

 

Мөн уулзалтын үеэр улирлын ажиллах хүч нийлүүлэх хамтын ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймгаас 10 хүнийг БНСУ-ын Тун Ён хотод гүзээлзгэнийн хүлэмжид ажиллуулахаар болж, сонгон шалгаруулалтыг явуулахаар боллоо. 

Related news