ХОВД: Чандмань сумын 100 жилийн ойн баяр өргөн дэлгэр болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Чандмань сум үүсэн хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Чандмань сумынхан 100 жилийн ойн баяраа энэ долоо хоногт өргөн дэлгэр тэмдэглэж байгаа юм.
Тус
ойн баярын нээлт өчигдөр болж, ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлч, ардын
авьяастнууд урлагийн тоглолт сонирхуулсан бөгөөд нутгийн онцлог, өв соёл,
түүхэн уламжлалыг сурталчиллаа. Энэ
үеэр Чандмань сумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Хөдөлмөрийн
гавьяаны улаан тугийн одонгоор шагнав. Мөн орон
нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, салбартаа манлайлсан нэр бүхий
иргэдэд төрийн дээд одон, медаль гардууллаа.
Чандмань сум үүсэн хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, шагай болон сурын харваа, хүндэтгэлийн үйл ажиллагаа өдгөө тусгай хөтөлбөрийн дагуу үргэлжилж байна. Маргааш шилдэг оролцогчдыг шагнах ба баяр наадмын хаалт зохион байгуулах юм.
Чандмань сум нь Ховд аймгаас 150 гаруй км зайд оршдог. 3000 гаруй хүн амтай. Дөргөн, Хар-Ус нуур, Жаргалант, Бумбат хайрхан уул зэрэг үзэсгэлэнт газраар хүрээлсэн хангай, говь хосолсон нутаг юм.
Чандмань сумын иргэд хөөмийн урлагийг түгээн дэлгэрүүлэх үйлсээрээ орон нутагтаа манлайлж байна. Мөн тус сум мал сүргийнхээ тоо толгойгоор аймагтаа хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж буй.
Чандмань
сумаас тодорсон алдартан, гавьяатууд олон бий. Баруун хилийн тулгаралтад гавьяа
байгуулсан хилчдийн нэг буюу Улсын баатар хилчин Б.Тэгшээ 1926 онд Ховд аймгийн Чандмань суманд төржээ.