“Монгол хүү” үндэсний хүүхдийн баяр Хүй долоон худагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-28 12:17:53

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Жил бүр зохион байгуулдаг “Монгол хүү” үндэсний хүүхдийн баярыг Хүй долоон худгийн “Монгол наадам цогцолбор”-т зургаадугаар сарын 1-нд болно.


Энэхүү баяр нь үндэсний ёс зан заншлыг хүүхэд залууст сурталчлан таниулах зорилготой юм. Баярын үеэр хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа, дугуй, гүйлт, сагсан бөмбөгийн тэмцээн зэрэг спортын олон үйл ажиллагаа болохоос гадна морь унах эдлэх монгол ахуйн соёлыг танилцуулах аж.


“Монгол хүү” үндэсний хүүхдийн баярт ирснээр эрүүл цэвэр агаарт өөрийн майхан асартайгаа байрлан урлагийн тоглолт үзэж, нэгэн өдрийг гэр бүл найз нөхдөөрөө тэмцээн уралдаанд оролцож хөгжилдөн өнгөрөөх боломжтой. Мөн хамтран зохион байгуулагч байгууллагуудын шагналын эзэн болж, супер азтаныг тодруулж ивээн тэтгэгч байгууллагын шагнал гардуулна. 


Ерөнхий зохион байгуулагчаар Монголын скаутын холбоо, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ, хамтран зохион байгуулагчаар Монголын дугуйн холбоо, Монголын үндэсний харваачдын холбоо, Монголын морин спорт уяачдын холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Монголын хөнгөн атлетикийн холбоо, нийслэлийн Соёл урлагийн газар болон Хуйрнан шуугигч нэвтрүүлэг ажиллаж байна.


Тус баярын үйл ажиллагаа Хүй долоон худагт 09:30-18:30 цагийн хооронд болно. 

 

Related news