Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн чуулга уулзалт үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-27 17:12:10

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн бөгөөд дэд дарга Н.Хүдэрчулуун тэргүүтэй төлөөлөл Токио хотноо энэ сарын 25-29-нд болж буй Ази, номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (АНДМУТБ)-ийн ээлжит чуулга уулзалтад  оролцож байна.


Чуулга уулзалтад СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх албаны дарга У.Ганчимэг АНУ, Австрали, Япон Улсын зохицуулагч байгууллагын төлөөллийн хамтаар панелистаар оролцож, Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн бодлого, зохицуулалт, хяналт шалгалтын талаар мэдээлэл өгч, туршлага хуваалцлаа. Энэ нь Монгол Улс ФАТФ-ын зөвлөмж, стандартын хэрэгжилтийг сайжруулах, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн үйл ажиллагааг зохицуулах чиглэлээр үзүүлсэн ахиц, дэвшил, сайн туршлагаа бүс нутгийн хэмжээнд хуваалцах мөн гишүүн орны хувьд байр сууриа бэхжүүлэхэд ач холбогдолтой юм.


Мөн чуулга уулзалтаар Мьянмар, Пакистан улсын гишүүнчлэл, стратегийн төлөвлөгөө, харилцан үнэлгээг амжилттай хийхэд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх манлайллын ач холбогдол, тав дахь шатны харилцан үнэлгээг хэлэлцэхээс гадна гишүүн улс тус бүрээр тусгайлан уулзалт зохион байгуулж байна.


АНДМУТБ нь бүс нутгийн хэмжээнд 42 гишүүн орны Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд гишүүн орнуудад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх үр дүнтэй тогтолцоог бий болгох, тэдгээрийн хэрэгжилтийг үнэлэх, Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын зөвлөмж, стандартын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Жил бүр зохион байгуулдаг чуулга уулзалтаар гишүүн орнуудын мөнгө угаахтай тэмцэх тогтолцоонд хийсэн харилцан үнэлгээний үр дүн, бүс нутгийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээрх цаашдын бодлого, стратеги, гишүүн орнуудын сайн туршлага, мэдлэгийг түгээх асуудлыг хэлэлцдэг аж.

Related news