Хяналтын зөрчилгүй аймаг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-11-03 20:09:49

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал аймгийн Мэргэжлийн хяналтын газарын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай нэг бүрчлэн уулзаж санал хүсэлтийг нь сонсчээ.

Шинэ удирдлагаар ахлуулсан, салбар бүрт хяналт тавих эрх бүхий улсын байцаагч нар тус уулзалтаар өөрсдийн хариуцсан салбартаа тулгамдсан асуудлаа нээлттэй ярьсан байна. 2012-2016 онд ОНХСангийн хөрөнгөөр баригдсан барилгуудад захиалагчийн хяналт хийгдээгүй нь хэрэглэгчдийг нэг талаар хохиргоод байгаа, зарим сумдад хийгдсэн төвлөрсөн халаалт ямар нэгэн зураг төсөвгүйгээр хийгдсэн, салбар бүрт мэргэжлийн байгууллагаас хяналт тавьж ажиллахад аймаг орон нутгийн удирдлагууд ойлгож, дэмжиж ажиллаагүй зэрэг хэд хэдэн асуудлыг байцаагч нар хөнджээ. Энэ бүхэнд мэргэжлийн байгууллагын мэргэшсэн албан хаагчдын үүрэг оролцоо маш чухлыг аймгийн дарга онцолж байв. Аймгийн МХГ 4 жилийн хяналтын ажлын төлөвлөгөөгөө Засаг даргийн мөрийн хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхээр болсон нь Баянхонгор аймаг салбар тус бүрдээ стандартыг нэг мөр баримталж хэвшүүлсэн, хяналтын зөрчилгүй аймаг болно гэдэгт итгэж буйгаа мөн онцолсон.

Мөн үеэр мод нүүрс зэрэг түлээ түлшний ил задгай замбараагүй худалдааг цэгцэлж, стандартад нийцсэн нэгдсэн түлшний зах байгуулах талаар ч уламжилсан байна.
Сонирхуулахад, тус аймагт иргэдийнхээ түлээ түлшний ид хэрэглээг бодолцож Архангай зэрэг зэргэлдээ аймгуудаас хэрэглээний мод оруулж ирэхээр хоёр талын гэрээг тун удахгүй байгуулахаар болжээ.

                                                                                                                        Б.Мөнхзул

Related news