Үйлдвэрүүдэд ноолуур нийлүүлэх гэрээ байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Япон Улсын Засгийн газрын Нийгмийн хөгжлийн сангийн санхүүжилтээр ХХААХҮЯ, Дэлхийн банк хамтран “Цахим хоршоо” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийнхөн “Монголын ноос, ноолуурын холбоо” ТТБ-тай хамтран Малчид-хоршоод-үйлдвэрлэгчийн түншлэлийн үйл ажиллагааг Баянхонгор аймагт энэ сарын 13-нд зохион байгуулав. Үүний дүнд Ховд аймгийн Мөст сумын “Алтайн уулсын оргил” дундын хоршоо 4 үйлдвэртэй, Ховд аймгийн Дарви сумын “Баялаг сутайн хөгжил” хоршоо, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Өгөөж баян өлзийт гол” хоршоо, Архангай аймгийн Батцэнгэл сумын “Агуйт баянхангай” хоршоо тус бүр нэг үйлдвэртэй ноолуур бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулав.
Малчид, хоршоодын төлөөллийг үйлдвэрийн үйл ажиллагаа, тэр дундаас түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх үе шаттай танилцуулж, үйлдвэрүүд нь хоршоодтой ажлаа дүгнэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан тохиролцлоо. Энэ үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Ховд аймгийн Мөст, Дарви, Архангай аймгийн Цэнхэр, Батцэнгэл сумын хоршоод, “Говь” ХК, “Кашемир холдинг” ХХК, “Ханбогд Кашемир” ХХК, “Өгөөж Шим” ХХК, “Гоёл Кашмир” ХХК, “Хатант Интернэшл” ХХК зэрэг ноолуурын томоохон компанийн төлөөлөл оролцжээ.