Гамшгийн улмаас 3.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-03 13:22:06

Улаанбаатар хотод энэ оны эхний 10 сард гарсан гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас 3.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан талаар Нийслэлийн онцгой комиссын дарга Н.Уламбаяр мэдээлэв.

Тэрбээр өнөөдөр болсон Нийслэлийн онцгой комисс өнөөдөр хуралдаанаар ийнхүү танилцуулсан юм. Энэ онд нийслэлд 2525 удаагийн аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой осол гарсан бөгөөд үүний 83 хувийг обьектын болон ой хээрийн гал түймэр эзэлсэн байна. Осол болон гал түймрийн улмаас 24 хүн амиа алдаж, 15 хүн түлэгдэж, 126 хүн бэртэж гэмтжээ. Мөн онд 11 удаа үер буусан байна. Өнөөдрийн байдлаар үерийн аюултай бүсэд 2500 гаруй өрх зөвшөөрөлгүй суурьшиж байгаа юм. Хүйтний улирал эхэлж, айл өрхүүд гал түлэх нь нэмэгдсэн тул обьектын түймрийн дуудлага ихсэх хандлагатай байгааг хэллээ.

Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн онцгой комиссын дарга С.Батболд гал түймрээс  урьдчилан сэргийлэх, аливаа аюулт үзэгдэл, ослын үед шуурхайн ажиллах бэлэн байдлыг хангахыг онцгой комиссын гишүүдэд үүрэг болгов.

Ч.Ариунболд

Related news