“Дэлхийн монголчуудын наадам”-ыг Бельги Улсад зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. “Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам” Бельгийн Хаант Улсад зургаадугаар сарын 28-нд болно.
Монгол Улсын ЕТГ, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах
хороо, ГХЯ, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ нь Монгол Улсаас
хилийн чанадад суугаа Элчин сайдын яамд, Монгол иргэдийн үүсгэл, санаачилгын
байгууллагууд хамтран тус наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор
Бельгийн нийслэл Брюссель хотноо зохион байгуулах юм.
Наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, сурын болон шагайн
харваан тэмцээн, Монгол бараа бүтээгдэхүүн, хоолны үзэсгэлэн худалдаа, урлагийн
тоглолт зэргийг зохион байгуулж, Монгол өв соёлыг олон сурталчлахаар төлөвлөжээ.
Наадам зохион байгуулах болсон талаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, “Дэлхийн Монголчуудын наадам”-ыг зохион байгуулах
ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхтүшиг, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл”
НҮТББ-ын Дэд тэргүүн Г.Ганзориг, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нар мэдээлэл хийхдээ хүчит бөхийн барилдаан, сур, шагай, нумт шагайн
харваанд оролцох тамирчдын бүртгэлийг холбогдох мэргэжлийн холбоод, Европ дахь
Элчин сайдын яамд хийнэ хэмээв.
“Дэлхийн Монголчуудын наадам” нь “Алсын хараа 2050 Монгол
Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, тус бодлогыг 2021-2030 онд хэрэгжүүлэх
үйл ажиллагааны хүрээнд хилийн чанадад оршин суугаа иргэддээ зориулан зохион
байгуулж буй анхны томоохон үйл ажиллагаа болж байгаа аж.
Манай улсын 250 мянга орчим иргэн хилийн чанадад оршин сууж
байгаагаас Европ тивд 85 мянга орчим монгол байгаа мэдээлэл бий.