Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна.
1993 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгож, 1994 оноос тэмдэглэсээр ирсэн билээ. Тэгвэл манай улс энэ өдрийг 2005 оноос эхлэн тэмдэглэсэн юм. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан өнөөдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль” сэдвээр хэлэлцүүлэг Соёлын төв өргөөнд зохион байгуулж, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан санал бодлоо солилцож байна.
Мөн Глоб Интернэшнл төв “Дэлхийн хэвлэлийн эрх
чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн
эр зориг гаргаж хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад хувь нэмэр оруулсан
сэтгүүлч, хэвлэл мэдээллийн редакцид “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагналыг олгодог
уламжлалтай. Өчигдөр энэ удаагийн буюу 2025 оны “Үнэний төлөө” шагналын эзнээ тодруулж, “NTV”
телевизийн сэтгүүлч Б.Оюунжаргалд гардуулжээ.
Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон
нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл
бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж
яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан
хүндэтгэдэг юм.