Тайландын “Иргэний нисэхийн сургалтын төв”-тэй хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. ИНЕГ-ын дарга Э.Төрбаяр Тайландын Хаант улсын “Иргэний нисэхийн сургалтын төв” (CATC)-ийн Захирал бөгөөд Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга хатагтай Пукканут Макчоую Бангкок хотод харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Ингэснээр Монголд агаарын навигацийн чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Улаанбаатар бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын шинэ төв”, “Сайншанд бүсийн нислэгийн удирдлагын хоёр дахь төв”, “Нислэгийн хөдөлгөөний алсын удирдлагын төв”, “Чөлөөт агаарын зай-FRA” зэрэг төсөл, хөтөлбөрт ажиллах хүний нөөц, тодруулбал, нисгэгч, нислэгийн хөдөлгөөний удирдагч, аэродром, агаарын навигаци, нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх, одоо ажиллаж буй ажилчдын ур чадварыг дээшлүүлэх богино, дунд, урт хугацааны сургалтыг тус сургууль дээр болон Монголд зохион байгуулах, цаашид иргэний нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах нөхцөл бүрдэж байна.
Тухайлбал, 2025-2026 оны хичээлийн жилд иргэний нисэхийн чиглэлээр бакалаврын түвшинд 15 оюутан, нислэгийн хөдөлгөөний удирдагчийн шинэ, болон давтан сургалтыг хамтран зохион байгуулах, Монгол суралцагчдад нисэхийн англи хэлний сургалтыг хөнгөлөлтэй нөхцөлөөр явуулахаар харилцан тохиролцжээ.
Тайландын Хаант улсын “Иргэний нисэхийн сургалтын төв” нь Олон улсын
иргэний нисэхийн байгууллагын “Train Air Plus” сургалтын хөтөлбөрийг
хэрэгжүүлдэг Ази, Номхон далайн бүсэд тэргүүлэгч сургалтын байгууллага юм.