БНСУ-ын үнэт цаасны санхүүжилтийн корпорацтай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-01 10:21:14

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц БНСУ-ын Үнэт цаасны санхүүжилтийн корпорац (Korea Securities Finance Corporation)-ын ерөнхийлөгч Ким Жонг-Гак нар хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ.


Ингэснээр тус корпорацтай үнэт цаас зээллэх, зээлдүүлэхтэй холбоотой зохицуулалт бий болгох чиглэлд хамтын ажиллагааг эхлүүлэх, техник, эдийн засгийн зөвлөгөө, дэмжлэг авах боломж бүрдэж байна. Зохицуулалтын орчин бүрдүүлснээр хөрөнгийн зах зээлийг төрөлжүүлж, арилжааны идэвх, хөрвөх чадварыг сайжруулахад чухал нөлөө үзүүлэхийг СЗХ мэдээлэв.


Санамж бичгийн хүрээнд хоёр улсын үнэт цаасны зах зээлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээ мэдээлэл солилцох, СЗХ-ны мэргэжилтнүүд урт, дунд хугацааны сургалтад хамруулах юм. Мөн дээрх корпорацын мэргэшсэн экспертүүд хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдод зөвлөгөө, мэдээлэл өгч, чадавх бэхжүүлэх сургалт, үйл ажиллагаа явуулах суурь тавигдаж, хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломж нээгдэх аж. 



Related news