Өнөөдөр “Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-02 09:11:00

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас зарласан “Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” өнөөдөр тохиож байна.

Сүүлийн арван жилийн дотор 600 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан олон нийтэд мэдээлэл хүргэхээр ажиллаж байхдаа амиа алджээ. Уг хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдийн 90 хувь нь хуулийн хариуцлага хүлээдэггүй гэсэн судалгааг “Сэтгүүлчдийг хамгаалах хороо” гаргасан байна. Энэ нь НҮБ-ын анхаарлаа хандуулах гол асуудлын нэг болж, улмаар 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганаар уг өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 02-нд тэмдэглэн өнгөрүүлэх тогтоол батласан. Тогтоолоор сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалахад нэгдсэн хяналт тавихыг ЮНЕСКО-д үүрэг болгожээ.

Энэ өдөр НҮБ-ын гишүүн улсуудыг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг хамгаалах, аюулнүй орчин бүрдүүлж өгөхийг уриалдаг байна. Өнөөдөр “Глоб Интернэшнл Төв”, Нээлттэй Нийгэм Форум болон  ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газартай хамтран сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр "Хожимдоогүй" хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Ирак, Сомали, Филиппин, Мексик, Орос, Колумб, Сири, Бразиль зэрэг орон сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оноодоггүй гэсэн үзүүлэлтээр тэрүүлжээ. Харин Монголд хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг үйлдэгчдийн талаар тоо, баримт, нарийвчилсан судалгаа байдаггүй аж.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news