Дэлгэрхангай сумын хүүхдүүд шинэ цэцэрлэгтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Дэлгэрхангай сум шинэ цэцэрлэгтэй боллоо. Улсын төсвийн 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэглээний халуун, хүйтэн устай, урлаг спортын зал, том саруул танхимуудтай хоёр давхар цэцэрлэгийг ашиглалтад хүлээн авч, үүдийг нь нээгээд байна.
Цэцэрлэг анх 2011 онд баригдаж эхэлсэн ч барилгын гүйцэтгэлийн явц дахь хяналтаар тухайн үед барилгын гүйцэтгэлийг түр зогсоосон, дахин үргэлжлүүлэх явцад анх төсөвлөсөн хөрөнгө оруулалт хүрэлцэхгүй болж, дахин хөрөнгө тусгуулах шаардлага тулгарсан гэх зэргээр багагүй цаг хугацааг өнгөрөөсний эцэст энэ онд барилгыг ийнхүү дуусгаж ашиглалтад оруулжээ.
Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор хүүхдийн тоо 131 болж өссөн байна. Энэ нь сумын цэцэрлэгийн насны хүүхдийн 90 шахам хувь нь болж байгааг цэцэрлэгийн эрхлэгч Д. Будням хэлсэн юм.
Шинэ цэцэрлэгт шаардлагатай ширээ сандал, ханын шүүгээ зэргийг авахад зориулж БСШУСЯ 20 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн байна.
Т. Отгонтуяа
Related news


