ХӨВСГӨЛ: Мөрөн хотод "Жуулчны гудамж" байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод аялагч иргэдэд зориулсан “Жуулчны гудамж” байгуулна.
Тус ажлыг Хөвсгөл аймагт хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-тэй хамтран хийж хэрэгжүүлнэ.
“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд энэ онд Ханх сум болон Хатгал тосгонд байршилтай бохир ус цэвэрлэх байгууламж, ландфиллын байгууламжуудыг тоног төхөөрөмжийн хамт ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.
Мөн 1984 оноос Харганы аманд байрлах 8,2 га талбайг хамарсан хуучин хогийн цэг, Ханх суманд байрлах 3,5 га талбайг хамарсан хуучин хогийн цэгүүдэд техникийн нөхөн сэргээлтийг бүрэн хийжээ.
Харин 2025 онд Хатгалд барих Жуулчны мэдээллийн төв, нэвтрэх цэг, ариун цэврийн байгууламж, Жанхайн давааны тохижилт, 37,9 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэн хийх юм.
Төслийн хамт олныг аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар хүлээн авч уулзан, Мөрөн суманд Жуулчны гудамж байгуулж, тохижуулах ажлын нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэхэд дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.
Хөвсгөл нуурыг жилд 100 гаруй мянган жуулчин зорьдог бөгөөд бүгд Мөрөн хотоор дайран өнгөрдөг байна.
Иймээс "Жуулчны гудамж"-д орон нутгийн иргэдийн брэнд бүтээгдэхүүнийг худалдах, жуулчдад зориулсан үзвэр үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл өгөх зэрэг цогц ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.