ХӨВСГӨЛ: Шилдэг 100 багшид хүндэтгэл илэрхийллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дэх баярын өдрийг тохиолдуулан Хөвсгөл аймгийн Боловсролын газраас хамгийн их хариуцлага үүрдэг, хамгийн бага үнэлэмжтэй, эрхэм хүндтэй 100 анги удирдагч багш нарыг шалгаруулан хүндэтгэл илэрхийллээ.
Энэ үеэр Боловсролын газрын дарга О.Бадраа “Боловсролын салбар 2025-2026 оны хичээлийн жилд байгууллагын үйл ажиллагаа, менежментийг 4 бүсээр зохион байгуулан “Суралцахуй-Хамтын хөгжил” бодлого чиглэлийн хүрээнд дараах зорилтыг дэвшүүлсэн.
Тодруулбал, байгууллагын менежмент хамтын үйл ажиллагаанд суурилсан байх, багшийн хөгжил хамтын орчин болон бие даан суралцахуйд тулгуурлах, хүүхдийн хөгжил, хамгаалал анги удирдагч багш төвтэй, гэр бүлийн боловсролд суурилсан байх, сургалтын орчин суралцахуйг дэмжсэн орчныг бүрдүүлэх, судалгаа, үнэлгээ бодит байдал, хэрэглээнд тулгуурлан сургалтын байгууллага бүрийн ялгаатай байдлыг харгалзан сайжруулах зэрэг зорилтыг дэвшүүлсэн” гэдгийг хэллээ.
2024-2025 оны хичээлийн жилд хүүхэд төвтэй бодит ахиц гарсан сургуулийн өмнөх боловсролын байгууллагын Мөрөн сумын 7,14, Төмөрбулаг, Тариалан, Цэцэрлэг сумын цэцэрлэгүүд, ерөнхий боловсролын Авьяас, Нутгийн аваргууд, Шинэ-Идэр, Их-Уул, Улаан-Уул сумын сургуулиуд “Ахиц амжилтын түүчээ байгууллага”-аар шалгарлаа.