Ж.Эрдэнэбат: Улс орныхоо хөгжлийн төлөө сонгуульд идэвхтэй оролцох хэрэгтэй
МОНГОЛЫН МЭДЭЭЕрөнхий сайд Ж.Эрдэнэбат Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 1834 дүгээр хэсгийн хороонд орон нутгийн ИТХ-ын сонгуульд санал өглөө.
Тэрбээр, “Иргэний үүргээ биелүүлж, ИТХ-ын сонгуульд саналаа өглөө. Засгийн газраас иргэдийн амьдралыг дээшлүүлэх, хүн бүрийг ажилтай, орлоготой байлгахын төлөө ажиллаж байна. Монголын эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байгаа энэ үед бид 1000 цэцэрлэг барих мөнгийг зээлийн хүүнд төлж байгаа. Энэ нөхцөл байдлыг давж гарахын тулд бид орон нутгийн сонгуульд амжилт үзүүлэх шаардлагатай. Тиймээс Монголын иргэд мэргэн сонголт хийж, МАН-д итгэл үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Иргэдийг бас улс орныхоо цаашдын ирээдүй, хөгжлийн төлөө сонгуульд идэвхтэй оролцох хэрэгтэй” гэлээ.
Тус хэсгийн хороонд 2520 сонгогч санал өгөхөөс 12.00 цагийн байдлаар 210 иргэн сонгуульд оролцсон байна. Өчигдөр буюу энэ сарын 18-нд зөөврийн хайрцгаар 2 иргэний саналыг авчээ. Сонгуулийн ирцийг 40-өөс дээш насныхан бүрдүүлж байгаа бөгөөд одоогоор санал авах үйл явцтай холбоотой зөрчил гараагүй гэдгийг тус хорооны ахлагч Ц.Энхтайван хэллээ.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ