Бразилд үерийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-05-06 15:24:47

БРАЗИЛИА, 2024 оны тавдугаар сарын 6 /Reuters/. Бразилын өмнөд нутгийн Рио Гранде-ду-Сул мужид хүчтэй аадар бороо орж, үерийн гамшиг нүүрлэсний улмаас амиа алдсан хүний тоо 78-д хүрч, 115 мянга гаруй хүн орон гэрээ орхихоос аргагүйд хүрээд байгаа тухай орон нутгийн эрх баригчид ням гарагт мэдэгджээ.


Ерөнхийлөгч Луиз Инасиу Лула да Силва ням гаргийн өглөө Засгийн газрынхаа ихэнх гишүүдийн хамт Рио Гранде-ду-Сулд очиж, мужийн эрх баригчидтай аврах, сэргээн босгох ажиллагааны талаар хэлэлцсэн байна.


Хүнд суртал сэргээн босгох ажиллагаанд саад болж чадахгүй” гэж Лула да Силва хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Рио Гранде-ду-Сул мужийн захирагч Эдуардо Лейте хэлэхдээ, энэ бол дайны байдал, тиймээс дайны дараах арга хэмжээнүүдийг авах шаардлагатай гэсэн байна.  


Сураггүй болсон хүмүүсийн тоо ням гарагт 105 болж өмнөх өдрийнхөөс эрс нэмэгдсэн тул амь эрсэдсэн хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэж иргэний хамгаалалтын газраас мэдээлжээ. Уругвай, Аргентин улсуудтай хиллэдэг тус мужийн 500 орчим хотын гуравны хоёр гаруй нь үерт автаж, 115 мянга гаруй хүн орон гэрээ орхин явахаас аргагүйд хүрсэн байна. 


Түүнчлэн үерийн улмаас хэд хэдэн хотод зам, гүүр эвдэрсэн байна. Мөн аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсэж, жижиг усан цахилгаан станцын далан сэтэрсэн байна. Ням гаргийн оройны байдлаар, 400 мянга гаруй хүн гэрэл цахилгаангүй болсон бол мужийн хүн амын гуравны нэг орчмынх нь усны хангамж тасалдаад байна гэж холбогдох албаныхан мэдээлжээ.


Пап Франциск ням гарагт Ватиканы Гэгээн Петрийн талбайд цугласан олонд хандан хэлсэн үгэндээ Рио Гранде-ду-Сулын оршин суугчдын төлөө залбирч байгаагаа мэдэгдсэн байна. 

Related news