Европт энэ он гарсаар нэг сая га талбай түймэрт сүйджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-08-22 15:39:12

ПАРИС, 2025 оны наймдугаар сарын 22 /AFP/. Европын Холбооны /ЕХ/ хэмжээнд 2025 онд дэгдсэн олон тооны ой хээрийн түймэр нэг сая гаруй га талбайг хамарсан нь энэ талаарх статистик мэдээг 2006 оноос эмхэтгэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 


Өмнө нь 2017 онд 988 524 га талбай шатсан нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байсан бол пүрэв гаргийн байдлаар энэ хэмжээ 1 015 731 га-д хүрсэн нь Киприйн газар нутгаас өргөн талбайг хамарсан гэсэн үг юм. Испани, Португалд гал сөнөөгчид ой хээрийн түймэртэй тэмцсээр байгаа энэ үед Европын ойн түймрийн мэдээллийн систем дэх улс орнуудын тоон мэдээлэлд үндэслэн Франс Пресс агентлаг дээрх тооцоог гаргасан байна.


Энэ онд ЕХ-ны дөрвөн гишүүн орон буюу Испани, Кипр, Герман, Словак улсуудад сүүлийн 20 жилд нүүрлээгүй сүйтгэлт ойн түймэр дэгдсэн юм. Испанийн баруун нутагт одоо ч олон түймэр ассаар байгаа бөгөөд дөрвөн хүн амиа алдсан байна. Одоогийн байдлаар 400 мянга гаруй га талбай сүйдсэнээр ЕХ-ны орнуудаас түймэрт хамгийн их нэрвэгдсэн улс болоод буй Испани нь ЕХ-ны нийт нутаг дэвсгэрийн 40 орчим хувийг эзэлдэг.


Харин 2017 онд 563 530 га талбай түймэрт сүйдэж байсан Португалд наймдугаар сарын 21-ний байдлаар 270 мянга гаруй га талбай сүйдсэн бол Румынд энэ он гарсаар 126 мянган га талбай түймэрт өртжээ. ЕХ-ны орнуудаас гадна Их Британид мөн ойн түймэрт их хэмжээний газар нутаг сүйдсэн бөгөөд тус улсад дөрөвдүгээр сард хэт халах үеэр, мөн зургаадугаар сарын сүүлээр Шотландын хойд хэсэгт томоохон түймэр дэгдсэн байна.


Наймдугаар сарын 19-ний байдлаар ЕХ-ны 27 орны 22-т нь дэгдсэн ой хээрийн түймрийн улмаас нэгдүгээр сараас хойш 35 мегатонн нүүрстөрөгчийн давхар исэл /CO2/ ялгарсан нь жилийн энэ үе гэхэд түүхэнд бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт болжээ. Ингэснээр 2017 онд бүртгэгдсэн 41 мегатонны дээд үзүүлэлт энэ жил шинэчлэгдэх төлөвтэй байна. 

Related news